Малын амьдын жин буурсны улмаас хорогдол нэмэгдэх төлөвтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Цасны нөлөөгөөр өнгөрсөн оны 11 дүгээр сарын сүүлчээс малын амьдын жин эрчимтэй буурч эхэлснийг бүс нутгийг төлөөлсөн мал аж ахуйн цаг уурын харуулуудын хэмжилтийн мэдээнээс харагдаж байна.
Энэ оны хоёрдугаар сарын сүүлчийн байдлаар ойт хээрийн бүсийн эм хонины
амьдын жин дунджаар долоо, эм ямаа тав, үнээ 41 кг-аар буурчээ. Харин Тал хээрийн
бүсийн эм хонь дунджаар 16, эм ямаа 11, үнээ 79 кг-аар, говийн бүсийн эм ямаа
дунджаар 21 кг-аар буурсан байна.
Малын тарга хүчний байдал хоёрдугаар сарын
сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хэд дахин бага жинтэй байна. Түүнчлэн Дэлгэрэхийн ямааны
суурийн нийт малын 50 хувь, Баян-Өнжүүлийн хонины суурийн 45 хувь хорогджээ. Энэ бүхэн өнгөрсөн
зун нутгийн 40 гаруй хувьд зуншлага муу байсан, цасан бүрхүүл эрт тогтож,
агаарын температур ихээр хэлбэлзсэн, эрт хүйтэрч, цасаар шуурсан зэргээс
шалтгаалсныг албаныхан мэдэгдэж байна.
Цаашид хавар зудтай байсан нутгаар малын жин ихээр буурч, төллөх мал ядарч, улмаар малын хорогдол улам нэмэгдэхээр байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Өнөөдрийн байдлаар манай улсад зудын улмаас малын зүй бус хорогдлын тоо 5.9 саяд хүрсэн байгаа юм.