Төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгааг авч эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Үндэсний статистикийн хороо, Төрийн албаны зөвлөл хамтран төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох хоёр дахь шатны судалгааг өнөөдрөөс эхлэн улс орон даяар зохион байгуулж байна. Судалгааны дүнг 4 дүгээр сарын 29-нд нэгтгэн, 5 дугаар сард “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын үеэр нийтэд танилцуулахыг Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл мэдээллээ.
“Монгол хэлний тухай” хуульд заасны дагуу төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулахаар бэлтгэж байгаа. Тиймээс “Монгол хэлний тухай” хууль, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийн хэрэгжилтийг дүгнэх, цаашид үндэсний бичгийн талаар төрөөс авч, хэрэгжүүлэх бодлого, дүрэм, журам, үндсэн чиглэлийг боловсруулахад шаардлагатай тоо, мэдээллийг бүрдүүлэх, төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийн ахицын үнэлгээг нgрийвчлан тогтоох зорилгоор дээрх судалгааг зохион байгуулж буй ажээ.
Хуулийн
хэрэгжилтийг хангахаар Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар
тогтоолоор “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийг баталсан. Хөтөлбөрийг
хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Хэлний бодлогын үндэсний зөвлөл,
Үндэсний статистикийн хороотой
хамтран Төрийн албан хаагчдын Үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгааг
2021 онд анх удаа зохион байгуулсан юм. Судалгаанд хамрагдсан 149 100 төрийн албан хаагчийн 53.6 хувь нь “Албан хэргээ кирилл
болон үндэсний бичгээр хослуулан хэрэглэхэд бэлэн” гэж хариулсан бол, 46.4 хувь
нь бэлэн бус, сургалтад
хамрагдах шаардлагатай гэсэн дүн гарч байв. Улсын дундаж болон бусад аймаг, дүүрэгтэй харьцуулахад
Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчдын 74.7 хувь нь үндэсний бичигт шилжихэд
“бэлэн” гэж тухайн үед хариулж байсан нь хамгийн өндөр үзүүлэлт болж байлаа.
Төрийн албан хаагчид удирдлагаасаа өгсөн чиглэлийн дагуу судалгаанд
идэвхтэй оролцохыг зохион байгуулагч талуудаас уриалж байна.