Элчин сайд Т.Бадрал Бургастай-Лаоемяо боомтод ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-04-04 15:38:14

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал энэ сарын 1-нд БНХАУ-ын ШУӨЗО-ны Хами хотын дарга Ула Мужантай уулзаж, хил залгаа орон нутгийн харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар харилцан санал солилцов.  


Мөн өдөр Элчин сайд Т.Бадрал Бургастай-Лаоемяо боомтын үйл ажиллагаатай танилцан, Хами хотын орлогч дарга Ли Жяньюн тэргүүтэй Худалдааны тэнхим, Гадаад хэргийн алба, Лаоемяо боомтын хил хяналтын байгууллагын удирдлагатай уулзалт хийв. Энэ үеэр Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй хилийн боомтуудын дэд бүтэц, төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлын тухай танилцуулж, тус боомтын харилцан уялдаатай төлөвлөлт, бүтээн байгуулалтыг түргэтгэх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр ярилцсан байна.


Хятадын талаас уг боомтоор төмрийн хүдрээс гадна зэс, коксжих нүүрс, хар болон өнгөт төмөрлөг, мах импортлох сонирхолтой байгаагаа илэрхийлсний зэрэгцээ хөрш зэргэлдээ Алтай хот-Хами хотын хооронд Эгч дүү хотын харилцаа тогтоох, манай улсад хэрэгжих төсөл хөтөлбөрт хамтран оролцох, хөрөнгө оруулалт хийх, Алтай хотоос Бургастай боомт хүртэлх авто замын ажлыг эрчимжүүлэхийг хүсэв. Уулзалтад Монголын талаас Хилийн боомтын захиргааны дарга Б.Батхишиг, Бургастай боомтын хил хяналтын байгууллагын удирдлага байлцсан бөгөөд боомтын бүтээн байгуулалт, хил гаалийн хяналтын төхөөрөмжийг уялдуулах, орон нутаг, боомтын захиргааны байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал нэгдэв.

相关新闻