Онцгой байдлын албаны түүхийг харуулсан 500 гаруй эд зүйлсийг толилуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-10-04 15:14:24

Нээгдээд удаагүй байгаа Онцгой байдлын албаны музейд нийслэлийн иргэд болон ЕБС-ийн сурагчид зочилж, тус албаны үүсэл хөгжлийг харуулсан түүхийн нэн ховор 500 гаруй эд зүйлс, баримт материалтай танилцаж байна.

Нийслэлийн 45 дугаар сургуулийн 2г ангийн сурагчид, багш, эцэг, эхчүүдийн хамт өчигдөр Онцгой байдлын албаны музейг үзэж сонирхжээ. Бяцхан үзэгчид онцгой байдлын албаны албан хаагчдын дүрэмт хувцас, ашигладаг багаж хэрэгсэл, автомашины үзүүлэн таниулгыг ихэд сонирхон, байгалийн гамшгийн тухай киног үзсэн юм. Сурагчдад гамшгийн талаархи ойлголт, гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг тэдний сонирхол, хүүхдийн насны онцлогт тохируулан музейгээр дамжуулан олгож байгаад эцэг эхчүүд талархал илэрхийлж байлаа.

Тус музей нь Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, албан хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг олон нийтэд сурталчлан таниулахаас гадна иргэд, хүүхэд багачуудад эх орноо хайрлан хамгаалах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг боловсрол олгох, соён гэгээрүүлэх зорилгоор байгуулагдсан юм. 

Н.Туяа

相关新闻