Олон улсын түүх соёл, өв уламжлалын наадамд манай улс анх удаа оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
uranatuya@gmail.com
2024-04-23 12:26:39

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Итали улсад жил бүр зохион байгуулагддаг "Festival dell’ oriente" олон улсын наадамд манай улсаас 30 гаруй аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч оролцож байна.


Энэхүү фестивальд Монгол Улс анх удаа зочин орноор оролцож байгаа бөгөөд зохион байгуулагчаар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, "Мишээл экспо" ХХК ажиллаж байна. Харин дэмжигч байгууллагаар Итали улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Хөдөлмөр, нийгмийн, хамгааллын яам оролцож байгаа юм.


Дэлхийн улс орнуудын түүх, соёл урлаг, ёс заншил, өв уламжлалыг сурталчлан таниулах зорилготой “FESTIVAL DELL’ORIENTE” наадам нь Италийн Ром, Наполи, Перужа, Милан, Турин зэрэг 10 том хотод жил бүр болдог уламжлалтай. Фестивальд Энэтхэг, Хятад, Япон, Тайланд, Өмнөд Солонгос, Индонез, Малайз, Вьетнам, Бангладеш, Монгол, Балба, Шри-Ланка, Мьянмар зэрэг Азийн 20 орчим улс тогтмол оролцдог ажээ.


Эдгээр орон фестивалийн үеэр жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний худалдаа, урлагийн тоглолт, үндэсний хоолны амталгаа, үндэсний хувцас, цайны урлаг, уламжлалт анагаах ухаан, дуу, бүжиг, тулааны урлаг болон уламжлалт гар урлалын бүтээлээ танилцуулдаг байна. 







相关新闻