“ХАОС” медиа урлагийн наадамд олон улсын уран бүтээлчид бүтээлээ дэлгэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Соёлын яамнаас 4 дэх жилдээ зохион байгуулж буй Дүрслэх урлагийн 7 хоног буюу “Art week”-ийн хүрээнд “ХАОС” нэртэй экспериментал хөгжим, дүрслэх урлагийн наадмыг Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооноос санаачлан толилуулж байна.
Шинжлэх ухаан, технологийн дэвшилд түшиглэн хөгжим, дүрслэх урлагийн хязгааргүй боломжуудыг харуулж буй олон улсын түвшний томоохон уран бүтээлчдийн үзэсгэлэн, тоглолтуудаас бүрдэх уг наадам энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ. Тус наадмын хүрээнд медиа урлаг, саунд, электрон хөгжмийн чиглэлээр олон улсад цоо шинэ урсгалыг бий болгож, дэлхийд хэдийнээ танигдсан уран бүтээлчид, Монголын шилдэг контемпорари уран бүтээлчдийн үзэсгэлэн, тоглолтууд болж байна.
Энэхүү наадам хамгийн сүүлийн үеийн технологит суурилсан, дэлхийн түвшний онцгой бүтээлүүдийг эх орондоо үзүүлж буйгаараа онцлог юм.
Тухайлбал, Netflix-ийн алдарт “Dark” цувралын хөгжмийн зохиолч Австрали гаралтай Исландын уран бүтээлч Бен Фрост “Predatory Chord” үзэсгэлэнгээ Ancore Event Hall-д, Tate Modern, Centre Pompidou, Венецийн биенналь тэргүүт эрин цагийн урлагийн нөлөө бүхий музей, олон улсын наадмуудад бүтээлээ толилуулж ирсэн Японы уран бүтээлч Риоичи Күрокава “re-assembli” үзэсгэлэнгээ "Black box" театрт, Сиднейн их сургуулийн медиа урлагийн профессор, уран бүтээлч Диана Честер, Монголын уран бүтээлч Ж.Ариунтуяатай хамтарсан “Зааг” үзэсгэлэнгээ "Хаан банк" галерейд дэлгэн олны хүртээл болгож байна.