МИАТ, НҮБ-ын Хүүхдийн сан хүүхдийн эрхийн төлөө хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний агаарын тээврийн "МИАТ" ТӨХК Монголын хүүхдийн төлөөх үйл хэрэгт нэгдэн НҮБ-ын Хүүхдийн сантай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт МИАТ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран агаарын тээврийн салбарт хүүхдийн эрх ба бизнесийн зарчмуудыг сурталчлах, онцгой байдлын үед нэн шаардлагатай ачаа тээврийг алсалсан бүс нутагт тээвэрлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тусгажээ.
НҮБ-ын Хүүхдийн сан инновац нэвтрүүлэх, хүүхдэд ээлтэй бизнесийг дэмжих, хүүхдийн эрхийн чиглэлээр нөлөөллийн ажил явуулах зэрэгт хувийн хэвшилтэй нягт хамтран ажилладаг.
НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан хэлэхдээ, "МИАТ компани үндэсний тэргүүлэгч агаарын тээврийн компанийн хувьд зорчигч бүртээ хүрч ажиллах боломжийг бидэнд олгож байна. Энэ нь хүүхдийн эрхийг хамгаалах, хэрэгжүүлэх үйлсийг дэмжиж байгаа том үлгэр дуурайл юм. Хүүхдийн сайн сайхны төлөө манлайлал, хүчин чармайлт гаргаж байгаа МИАТ компанид талархлаа илэрхийлье” гэв.
“МИАТ компани төрийн өмчит хувьцаат компанийн хувьд Тогтвортой хөгжлийн төлөө ажиллаж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг эрмэлздэг. НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажилласнаар нийгэмдээ хөрөнгө оруулж, хүүхдийн сайн сайхны төлөө сайн үйлсэд хүчин зүтгэх үүд хаалга нээгдэж байна” гэдгийг МИАТ-ийн Бизнес удирдлагын газрын захирал Н.Батдарь хэллээ.