Коломбын төлөвлөгөө байгууллагын Зөвлөлдөх хорооны 48 дахь удаагийн хурал болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. “Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамтын ажиллагааны Коломбын төлөвлөгөө” байгууллагын Зөвлөлдөх хорооны 48 дахь удаагийн хурал энэ сарын 29-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болов.
Энэ өдрийн хурлаар “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эсрэг хүчээ нэгтгэсэн бүс нутгийн төлөө: Урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдвийн дор салбар хэлэлцүүлгүүд өрнөв. Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин салбар хэлэлцүүлэгт оролцож, Монгол Улсын нөхцөл байдал, олон талт хамтын ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Монгол Улс нь Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын конвенц, Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодисын хууль бус эргэлтийн эсрэг 1988 оны НҮБ-ын конвенцод тус тус нэгдсэн. Энэ дагуу “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль”, Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх журам” зэрэг хууль тогтоомж, журмыг баталсан. Монгол Улсын хүн амын 70 гаруй хувийг залуу үеийнхэн эзэлдэг тул мансууруулах бодис, хар тамхитай тэмцэх нь онц чухал асуудал. Өнөө цагийн “цагаан тахал” хэмээн нэрлэдэг уг асуудалд Монгол Улс онцгой анхаарал хандуулж, үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаагаа дурдлаа.