“Спортлог Улаанбаатар” өдөрлөгт 6000 иргэн оролцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТИргэдийг биеийн тамираар хичээллэхийг уриалах зорилготой “Спортлог Улаанбаатар” өдөрлөг өнөөдөр Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд явагдаж байна.
Нийслэлийн 377 жилийн ойд зориулан зохион байгуулж буй тус өдөрлөгт нийслэлийн есөн дүүргийн биеийн тамир спортын хороодын тамирчид, иргэд нийлсэн 6000 гаруй хүн оролцож байна. Өдөрлөгийн хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүх нийтийн гүйлтийн тэмцээн, Сүхбаатарын талбайд тамирчидын үзүүлэх тоглолт, нийслэлийн есөн дүүргүүдэд “Иргэдийн спорт наадам”-ын зарим тэмцээн явагдаж байгаа юм. Өдөрлөгийн гол арга хэмжээ болсон бүх нийтийн гүйлтэд 3000 гаруй тамирчин 5,10,21,42 километрт уралдаж байна.
Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хорооны мэргэжилтэн С.Саранцэцэг, “Спортлог Улаанбаатар” өдөрлөгийг жил бүр зохион байгуулдаг. “Иргэн бүр, айл өрх бүрт спортыг хүргэнэ” гэсэн уриатайгаар энэ арга хэмжээгээр дүүргүүдийн спорт хороодын үйл ажиллагааг танилцуулж, биеийн тамираар хичээллэхийн ач тусыг сурталчилж байна” гэв.
Мөн тус өдөрлөгийн үеэр “Бүх ард түмний спортын их наадам”-ын хаалтын ажиллагаа болж, түрүүлсэн баг тамирчдад шагнал гардуулсан юм. Тэмцээн зуны, өвлийн, пара спортын төрлөөр явагдсан. Зуны спортын төрөлд тэргүүн байрыг Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, дэд байрыг ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо, гутгаар байрыг ХХЕГ-ын дэргэдэх “Хилчин” спорт хороо эзэлжээ. Өвлийн спортын төрөлд тэргүүн байрыг Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, хоёрдугаар байрыг ХХЕГ дэргэдэх “Хилчин” спорт хороо, гутгаар байрыг ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо, пара спортын төрөлд тэргүүн байрыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн биеийн тамир, спортын хороо, хоёрдугаар байрыг Дархан-Уул аймгийн баг тамирчид, гутгаар байрыг Увс аймгийн баг тамирчид тус тус эзэлжээ.
Г.Даваамаа
Гэрэл зургийг Б.Чадраабал