Материал нь дутуу шалгуулагчийг шалгалтад оруулахгүйг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-13 15:40:05

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. 2024 оны Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх сарын 4-ний пүрэв гарагт орон даяар эхэлнэ.


Үүнтэй холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвөөс шалгуулагчдыг шалгалтын байранд ирэхдээ бүрдүүлэх баримт бичгийг сануулж, дутуу бол шалгалтад оруулахгүй болохыг санууллаа. Тодруулбал, ЭЕШ-д хамрагдах хүмүүс суудлын хуваарийн дагуух байранд очихдоо дараах бичиг баримтыг заавал биедээ авч явна.


-Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /жолооны үнэмлэх, гадаад паспорт байж болно/  

-Бүрэн дунд боловсролын гэрчилгээ ба түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг

-Суудлын хуваарь (eyesh.eec.mn холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна)

-Бүртгэлийн хуудас (eyesh.eec.mn холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна)

-2024 онд Ерөнхий боловсролын сургууль төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудас дээрээ сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. Харин 2024 оноос өмнө ЕБС төгссөн шалгуулагчдын бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажуулна.  


Энэ жил Монгол Улсын хэмжээнд 35939 шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ. Тэдний 14812 нь Улаанбаатар хотынх, 17541 нь орон нутгийн бол өмнөх оны 3586 шалгуулагч байгаа аж.


Боловсролын үнэлгээний төвөөс шалгуулагчдад зориулан мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө өгч эхэлсэн бөгөөд энэ сарын 10-ны байдлаар 550 хүн мессенжер, гар утас, бүлгийн болон ганцаарчилсан байдлаар зөвлөгөө авчээ.

相关新闻