Азийн урлаачид төв талбайд гар урлалын бүтээлээ дэлгэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2024” наадам Сүхбаатарын талбайд өнөөдөр эхэллээ.
Энэ удаагийн наадамд БНХАУ, БНСУ, Индонез, Малайз, Филиппин, Узбекистан, Энэтхэг, Япон, Иран, Болгар зэрэг нийт 11 орноос 160 гаруй уран бүтээлч, гар урлаачид оролцож байна. Мөн Улаанбаатар хотын есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, гар урлаачид бүтээлээ дэлгэжээ.
Гурван өдөр үргэлжлэх тус наадмын үеэр ардын урлагийн тоглолтууд, гар урлалын үзэсгэлэн, худалдаа болон воркшоп сургалтууд, Азийн хотуудын оролцогчдын үндэсний хувцастай парад, үндэсний хувцасны үзүүлэх тоглолт, гадаад, дотоодын уран бүтээлчдийн хамтарсан тоглолтууд зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа болох юм.
Наадмыг санаачлагч, “Артлар соёл урлаг” ТББ-ын тэргүүн Б.Цацрал хэлэхдээ, “Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2024” наадмыг анх 2019 онд Ерөнхий сайдын ивээл дор Азийн ардын урлагийн наадам нэртэй зохион байгуулсан. Тухайн үед 12 орны 200 гаруй уран бүтээлч, Монголоос 2000 гаруй ардын авьяастан, өвлөн уламжлагчид оролцож байсан. Харин 2020-2022 онд цар тахлын улмаас цахимаар зохион байгуулсан. Өнгөрсөн оноос Нийслэлийн Засаг даргын ивээл дор НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, “Артлар соёл урлаг” ТББ болон Ардын урлагийн наадмуудын Дэлхийн ассоциац хамтран зохион байгуулж байна. Гар урлалын төрөлд сонирхолтой оролцогчид хүрэлцэн ирээд байна. Энэтхэгээс олон зуун жилийн түүхтэй торго барлаж хэвлэдэг урлалын 9 дэх үеийн урлаач болон зэс хонх урладаг урлаач, Японоос ирсэн кимоно нарын макэ төрлийн сургалт зохион байгуулна. Гурван өдрийн турш төв талбайд орон орноос ирсэн уран бүтээлчдийн амьд тоглолт болно” гэв.
“Кумамот Монгол” төслийн удирдагч Мияхара Мичико, “Энэхүү наадамд хоёр дахь удаагаа оролцож байна. Өнгөрсөн жил гурвуулаа анх удаа оролцож байсан бол энэ жил наймуулаа ирлээ. Учир нь монголчууд үндэснийхээ дээл хувцсыг дээдэлж байгааг нүдээрээ харж маш их бахархсан. Бид энэ удаа кимоно хэмээх үндэсний хувцсаа монголчуудад танилцуулах зорилготой. Кимононы торго буюу япон торгоор хийсэн орчин үед нийцсэн европ хувцсыг танилцуулж байна. Мөн монголын гар урчууд бүсгүйчүүдтэй хамтран бүтээсэн бүтээлүүд байгаа. “Кумамот Монгол” төслийг гурав дахь жилдээ монголын гар урлаач бүсгүйчүүд, эмэгтэйчүүдтэй хамтран бүтээл хийж тэдний эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, орлогыг сайжруулах, өөртөө итгэлтэй болохыг дэмжих зорилгоор хэрэгжүүлж бана. Энэхүү Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам оролцсоноор төслөө хэрэгжүүлэх талбар болж байгаад баяртай байна” гэв.
Энэтхэгийн Качийн дарханы газрын хонх урлаач Лохар Хажи Сиддик: Өвөө ааваас уламжлан ирсэн зэсээр хийдэг, өөр өөрийн дуутай хонхнуудаа монголчуудад дэлгэн үзүүлж байна. Үхрийн хүзүүнд зүүдэг хонхноос гадна гадаах хаалганд дуут чимэглэл маягаар ашигладаг гэхчлэн олон төрлийн хонх авчирсан. Хэмжээний хувьд 1-14 метр хүртэл хэмжээтэй, жижиг томоосоо шалтгаалан өөр өөр дуутай байдаг.
Наадмын албан ёсны нээлт Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр орой 19:30 цагт болно. Энэ үеэр Иран улсын хөгжимчин Ёонес Чоламзадех Алам, хөгжмийн зохиолч Ж.Мэнд-Амарын “Хуучрын аялгуу” бүтээлийг хуучир хөгжмөөр эгшиглүүлэх юм.