СХД-ийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийг ирэх 10 дугаар сард ашиглалтад оруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. СХД-ийн 19 дүгээр хороонд байрладаг 62 дугаар сургуулийн гуравдугаар байр буюу өргөтгөлийн барилгын ажлыг эрчимжүүлэхээр нийслэлийн удирдлага тус сургуулийн захирал Ш.Сарантуяа, гүйцэтгэгч компани “Ганзосон” ХХК-ийн захирал Ч.Ижилбаяр нартай уулзлаа.
2018 онд эхэлсэн барилгын ажил ашиглалтад ороогүй зургаан жил болсон юм.
2023-2024 оны хичээлийн жилд тус сургуулийн 16 бүлгийн 4604 сурагч гурван ээлжээр хичээллэсэн. Хичээлийн гуравдугаар байр буюу өргөтгөлийг 640 суудалтай байхаар зураг төсөл боловсруулан, 2018 онд “Ганзосон” ХХК-тай гэрээлж, 2022 оноос бүтээн байгуулалтын ажил зогсжээ. Учир нь гүйцэтгэгч компани санхүүжилтээ нэмүүлэх хүсэлтээ салбар яаманд илэрхийлж, улмаар санхүүжилтийг нэмэх боломжгүй учраас гэрээ цуцалж, өөр гүйцэтгэгч компани сонгохоор тогтжээ. Үүнээс шалтгаалан тус сургуулийн барилгын ажил хоёр жил гацсан юм.
Тэгвэл хотын дарга Х.Нямбаатар тус сургуулийн өргөтгөлийн барилгыг дуусгах санхүүжилтийг нийслэлийн төсвийн тодотголд оруулж, ирэх аравдугаар сард ашиглалтад оруулахаар шийдвэрлэлээ.
Түүнчлэн Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлыг эхлүүлсэн. Тухайлбал, БГД-ийн 29 дүгээр хороо, Эрин хороололд байрладаг “Эрин эверест интернэшнл” сургуулийг улсынх болгон худалдаж авах, Нарны хороолол, Алтай хотхон, Голден парк зэрэг хороолол орчимд сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр онцоллоо.