ЕБС-ийн сурагчдын гэрийн даалгаварт зарцуулах хугацааг тогтоов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Боловсролын судалгааны Үндэсний хүрээлэнгээс Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гэрийн даалгаварт зарцуулах хугацааг тодорхойлж, зөвлөмж гаргажээ.
Тухайлбал, бага боловсрол буюу 1-5 дугаар ангийн сурагч 20-40 минут, суурь боловсрол буюу 6-9 дүгээр ангийн сурагч 50-70 минут, бүрэн дунд боловсрол буюу 10-12 дугаар ангийн сурагч 80-90 минутыг гэрийн даалгаварт зарцуулахаар зөвлөмжид туссан байна. Гэрийн даалгаврын хугацааг сурагчийн нас, анги, түвшний болон судлагдахууны сургалтын хөтөлбөрийн зорилт, бүлэг дүүргэлт, багшийн ачааллыг харгалзан боловсруулсан аж.
Гэрийн даалгаврын зохистой хугацааг тогтоож өгөх нь
сурагчийн сахилга батыг дээшлүүлэх, цагийн менежментийг сайжруулах, эрүүл мэндийг
хамгаалах, сурлагын амжилтыг ахиулах, эзэмшсэн чадамжийг бататгах, сургууль,
эцэг эх, асран хамгаалагч хоорондын харилцаа холбоог сайжруулах чухал ач
холбогдолтой.