Энэ жил цэцэрлэгт 292 мянган хүүхэд хамрагдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. 2024-2025 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт 292 мянган хүүхэд хамрагдана.
Боловсролын сайд П.Наранбаяр хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ "Энэ жил хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна" хэмээн онцолсон удаатай. Тэрбээр шинэ хичээлийн жилийн нээлтэд зориулж хэлсэн үгэндээ "Хүүхдийг амьдралын энгийн үйлдлийг бие даан хийж чаддаг, бусадтайгаа эвтэй тоглож харилцдаг, өөрийгөө бүрэн илэрхийлж чаддаг болгох нь цэцэрлэгийн үндсэн зорилго юм. Хүүхэд цэцэрлэгт ханатлаа тоглож, цадталаа хооллож, аз жаргалаар дүүрэн байх учиртай" гэжээ.
Энэ жилд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэгүүд эцэг эх, асран хамгаалагчдаас хоолны зардалд зориулж өдөрт 1000 төгрөг нэмж төлөхөөр болоод буй. Ингэснээр тухайн хүүхэд илүү шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх бололцоо бүрдэнэ гэж салбарын яамнаас үзжээ.