Тосонцэнгэлчүүдийн шүтээн “Хар морьт сахиус” хулгайд алдагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-10-14 01:07:52

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Гандан хийдэд залагдаж байсан Тосонцэнгэлчүүдийн их шүтээн болсон “Хар морьт сахиус” 10-р сарын 12-оос 10-р сарын 13-нд шилжих шөнө хулгайд алдагдсан хэрэг гарчээ. Тус газарт Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас ажлын хэсэг гарч ажиллаж  байна.  

Тус сахиусны тухай Д.Хоролбат “Жалханз хутагтын доод хүрээ Гандандаржайлин хийд” номонд өгүүлэхдээ “Мөрөнгийн хүрээний их сахиус (Та-Ог чойжил)-ын тухай "..Зуны адаг сарын шинийн 2-нд Гандантэгчэнлин хийдийн “уран” хэмээх Т.Гонгор ламтан, сахиусны гонир Дашзэвэгийн хамтаар Баянголын хүрээний нандин шүтээн “Хар морьт” сахиусыг залан ирэв.Т.Гонгор ламтан тэр өдөр ирэхдээ Гандантэгчэнлин хийдийн жасад хийсэн шар тостой ул боов, үзэмтэй дөрвөлжин тос зэргийг лам нарт өргөж хурлын өглөгийн эзэн болж байсан юм. Тэдний залж ирсэн сахиус өдгөө Тосонцэнгэл сумын хийдэд залагдаж буй. Энэхүү сахиусыг Баянголын хүрээний нэгэн лам хүрээг буулгах үед “Халууцаж байна” хэмээн дээлээ тайлж тавихдаа сахиусаа боож авсан гэдэг. Түүний дараа Дугарсүрэн  гэгчийн гэрт залж байжээ.

Тэрээр таалал барих үедээ өөрийн хүү дархан Доржид сахиусаа өвлүүлэн үлдээсэн гэнэ. Харин Дорж мужаан Бямба гэж хүнд сахиусаа даатган өгчээ. Түүнээс хойш мужаан Гонгор, бамбай Дашзэвэг нар гэртээ залж байсан байна. Улмаар цаг зөөлрөх үед Мөрөнгийн хүрээнд хоёр жил шахуу хугацаанд залж байгаад Баянголын хүрээ буюу одоогийн Тосонцэнгэл суманд аваачсан  түүхтэй байдаг”  гэж өгүүлжээ.

Б.Гантуяа 

相关新闻