Их тэнгэрийн уулзвараас "И-март" дэлгүүр хүртэлх замыг энэ сарын 26-нд нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-23 11:44:21

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Замын хөгжлийн газраас авто замын засвар, шинэчлэлийн хүрээнд 87 байршилд 162.3 км авто замыг шинэчлэхээр төлөвлөж, 35 байршилд авто зам засаж дууслаа.


Зам шинээр тавьж буй 36 дахь байршил нь Их тэнгэрийн уулзвар буюу Маршалын гүүрнээс "И-март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг өчигдөр 23:00 цагт хааж, шинэчилж эхэллээ. Их Монголын гудамжинд хамаарах уг авто замыг 4 хоногийн хугацаатай хааж, энэ сарын 26-ны 6:00 цагт нээнэ. Хоёр үе асфальт бетон хучилт хийж, 2.2 км авто замыг шинэчлэх юм.


Түүнчлэн, Нийслэл хүрээ буюу "И-март"-ын уулзвараас Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх авто замын хойд хэсгийг өнөөдөр 23:00 цагаас 4 хоног хааж засна. Мөн Богд уулын арын зам Маршалын гүүрнээс Налайхын уулзвар хүртэлх авто замыг 10 хоногт хэсэгчлэн хааж засна. Мөн Чингисийн өргөн чөлөөний замыг шинэчлэхээр бэлтгэж байгаа. Замын ажлуудыг төлөвлөсөн хугацаанд буюу аравдугаар сард амжиж хийхээр төлөвлөжээ. 




Зам барих технологийн хувьд хасах хэмд асфальт хийх боломжгүй, хөлдөх эрсдэлтэй. Энэ долоо хоногоос шөнийн цагаар хасах хэмд хүрч байгаа учир замын хучилтыг өдрийн цагаар ажлын өдрүүдээр хийхээс өөр аргагүйг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв. 

相关新闻