Дижитал үйлчилгээнд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байх төлөвтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны есдүгээр
сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол
Улсад эмэгтэйчүүдийн нийгмийн манлайлал өндөр байна. Боловсрол өндөр, эхийн
эндэгдэл бага зэрэг үзүүлэлтээр Монгол Улс бүс нутагтаа тэргүүлж байна.
Мөн эмэгтэйчүүдийн хууль эрх зүйн хамгаалалт дэлхийн болон бүс нутгийн дунджаас давсан үзүүлэлттэй байгааг Дэлхийн банкны тайланд дурджээ. Энэ талаар өнөөдөр “Блью Скай” зочид буудалд болсон “Монгол Улсын жендэрийн нөхцөл байдлын үнэлгээ” уулзалт хэлэлцүүлгээр танилцууллаа.
Гэхдээ жендэрийн тэгш
байдлыг хангахад саад бэрхшээл гарч байгааг Дэлхийн банкны Нийгмийн хөгжлийн
ахлах мэргэжилтэн София Жеорижева хэллээ. Тухайлбал, монгол эмэгтэйчүүд төрийн
захиргааны байгууллагад олноор ажиллаж байгаа хэдий ч улс төрийн болон бодлого
боловсруулах үйл явцад дуу хоолойгоо хангалттай хүргэж чадахгүй байгааг онцолсон
юм.
Жишээ нь, эмэгтэйчүүд дунд
шатны удирдах албан тушлаатны дөнгөж 30 хувийг, дээд түвшний удирдах албан
тушаалтны 15 хувийг эзэлж байгаа нь Дэлхийн банкны үнэлгээний тайлангаар
гарчээ. Эмэгтэйчүүдийн эдийн засагт оролцох оролцоо мөн тааруу байна. Монгол
эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 25 хувиар бага цалин авч, энэ зөрүү нэмэгджээ.
Эмэгтэйчүүд,
эрэгтэйчүүдийн цалингийн зөрүүний 40 орчим хувийн учир шалтгаан тодорхойгүй
хэвээр байна. Энэ нь хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийг алагчилсан байдал
байсаар байгааг илтгэн харуулж байна гэжээ. Цалингүй, асран халамжлах үүрэг нь
эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо доогуур байх гол шалтгаан болж буйг
тайланд дурдсан байна.
Монгол Улсад эхийн эндэгдэл 100 мянган төрөлтөд 39 хувьтай гарчээ. Энэ нь хамгийн доод түвшинд хүрч буурсан үзүүлэлт юм. Харин бүс нутгийн дундаж үзүүлэлт нь 74 хувьтай байна.
Түүнчлэн эмэгтэйчүүдээс гадна эрэгтэйчүүд, хөвгүүдийн нийгмийн байдал орхигдож буйг мэдээллээ. 2022 оны байдлаар монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.4 жилээр богино байгааг анхаарах цаг болсныг Дэлхийн банкны зөвлөмжид тусгажээ.
Дэлхийн банкнаас ногоон
шилжилтийн үед Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах боломжууд байгааг мөн
танилцуулсан юм. Дижитал үйлчилгээ, сэргээгдэх эрчим хүчний салбарт
эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байх төлөв гарчээ.
Дэлхийн банк, Жендэрийн
Үндэсний хороо хамтран зохион байгуулсан “Монгол Улсын жендэрийн нөхцөл байдлын
үнэлгээ” сэдэвт уулзалт хэлэлцүүлгэд төрийн болон ТББ, олон улсын байгууллагын
төлөөлөл оролцож Монгол Улсын Ерөнхий сайдын энэ оны 71 дүгээр захирамжаар
баталсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч
хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-тэй танилцлаа.