“Чингэлтэйн номын баяр” Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. “Чингэлтэйн номын баяр” Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд эхэллээ. Номын баярыг тус дүүргийн Хүүхдийн хөгжлийн цогцолбороос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй юм.
Тус өдөрлөг үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдлэх, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн оюун ухаан, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, номтой нөхөрлүүлэх, номоор дамжуулж мэдлэг, мэдээлэл олгох, үндэсний уламжлалт тоглоом, наадгайг сурталчлах, зөв хооллолт, биеийн хөгжил, эрүүл мэндийн боловсрол олгох, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхэд туслах зорилготой.
Чингэлтэй дүүргийн Хүүхэд хөгжлийн цогцолборын номын санч Ж.Ганхөлөг, “Өнгөрсөн жил номын баярыг “Илүү их уншъя” хүрээнд зохион байгуулсан бол энэ жил “Оюунлаг монгол хүүхэд” сэдвээр монгол оньсон тоглоом, шагай, шатар гэхчлэн монгол уламжлалыг харуулсан байдлаар зохион байгуулж байна. Зөвхөн Чингэлтэй дүүрэг гэлтгүй нийслэлийн ЕБС-ийн 1-12 дугаар ангийн хүүхдүүд их ирж байна. Өнгөрсөн жил давхардсан тоогоор 4000-5000 хүүхэд багачууд, иргэд цугларсан” гэв.
Номын баярын үеэр Шилдэг уншигч шалгаруулах, "30 номын уналт" танин мэдэхүйн тэмцээн, АХА, Чингэлтэй дүүргийн сурагчдын зөвлөлөөс нээлттэй микрофон ажиллуулж байна. Мөн монгол үндэстэн ястны эд материалын үзэсгэлэн, уламжлалт тоглоом наадгайг сурталчлан таниулах, ном, бичиг хэрэгслийн хямдралтай худалдаа, нүүр будах үйлчилгээ, цаасан нугалбар хийх, харандаагаар өөрийн зургийг шог хэлбэрээр зуруулах, уран бичлэгээр хүссэн үг, нэрээ бичүүлэх зэрэг үйлчилгээ явуулж байна.
Энэхүү өдөрлөг өнөөдөр 18.00 цаг хүртэл үргэлжилнэ.