Гамшигт өртсөн малчин өрхүүдэд гэр олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-07 11:34:10

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. УОК-оос Өвөрхангай аймагт хавар, зуны хүчтэй салхи шуурга, үер ус, гал түймрийн гамшигт өртсөн Богд, Бүрд, Хархорин, Нарийнтээл, Баруунбаян-Улаан сумын малчин өрхүүдэд гэр олгохоор шийдэв.


Мөн гамшгийн хор уршгийг арилгахад зориулж аймгийн Онцгой комисст 100 сая төгрөг, аймгийн ОБГ-т туулах чадвар сайтай автомашин, хүчин чадал бүхий, сүүлийн үеийн ус соруулах помп олгохоор болжээ.


Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс” болгон хөгжүүлэхээр төлөвлөснийг Шадар сайд УОК-ын дарга С.Амарсайхан тус аймагт ажиллах үеэрээ онцлоод, “Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай байгалийн гамшигт үзэгдлийн тоо, давтамж, хор хөнөөл цаашид ч дэлхий нийтээр нэмэгдэх судалгаа бий. Иймд хөдөө аж ахуйн салбар хамтарч нэгдэн, энэхүү эрсдэлийг сөрөн тэсвэрлэх чадавхаа сайжруулах нь чухал. Иймд Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг хэрэгжүүлж, малчдад 2024-2028 онд 5 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөсөн. Цаашид Ногоон санхүүжилтийн эх үүсвэрүүдийг татахад анхаарч, зээл авсан хоршоологчдын зээлийн зарцуулалт, хоршооны үйл ажиллагааны үр дүн, хэрэгжилтийг сайжруулж, Зээлийн батлан даалтын санд үүсэж болзошгүй эрсдэлээс хамгаалах үүднээс батлан даалтыг хувийн даатгалын компаниар даатгуулж, тус зардлыг улсын төсөвт суулгахаар зорьж байна” гэлээ. 


Зарим сум гантай байснаас өвөлжилт хүндрэх төлөвтэй тул УОК-оос өвлийн бэлтгэл хангахад шаардлагатай арга хэмжээ авч, Засгийн газрын тогтоол, УОК-ын албан даалгаврыг биелүүлж байгааг ОБЕГ мэдээлэв. 

相关新闻