Зайсангийн хуучин гүүрийг нураана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-17 16:47:12

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Түгжрэлийг бууруулах төслийн хүрээнд өнгөрсөн оноос Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсангийн төмөрбетон 225 метр урт гүүрийн өргөтгөл шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж буй.


Зайсан чиглэлийн /баруун тал/ төмөрбетон гүүрийн барилга угсралтын ажил 100 хувийн гүйцэтгэлтэйгээр дуусч, 2023 оны есдүгээр сард зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээсэн. Харин хот чиглэлийн төмөрбетон гүүрний 21 метр, 18 метртэй дам нуруу цутгалтын ажил бүрэн дуусаж, 25.18 метртэй дам нурууны ажил 20 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.  


Тэгвэл ирэх сарын 1-нээс хуучин гүүрийн хөдөлгөөний хааж, шинэ гүүрэнд хийсэн бохир усны шугамын холболтын ажлыг гүйцэтгэх аж. Улмаар дараа нь хуучин гүүрийг буулгахаар төлөвлөжээ. Хуучин гүүрийг буулгаж баруун талд шинээр баригдсан гүүртэй ижил гүүрийг дахин барина.


Зайсангийн хуучин гүүр нь 1968 онд ашиглалтад орсон бөгөөд их засвар шинэчлэлтийн ажил хийж байгаагүй юм. Ашиглалтын түвшин D үнэлгээнээс доошоо орсон буюу гүүрийг зайлшгүй шинэчлэх, буулгаж дахин барих шаардлагатай болсон учраар нураах шийдвэрт хүрсэн байна. 



相关新闻