БАЯНХОНГОР: Маргааш бүх нийтээр мод тарих өдөр

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-10-18 16:09:20
Баянхонгор, 2024 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний мод тарих өдрийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ хүрээнд намрын мод тарилтыг маргааш аймгийн хэмжээнд зохион байгуулахаар товложээ.

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн хэмжээнд хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж байгаа юм.

Мод тарих үндэсний өдрөөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалахыг аймгийн БОАЖГ-аас нийт иргэнд уриаллаа.

2023 оны байдлаар Баянхонгор аймгийн төвд 27101 айл өрх байна гэсэн судалгаа байна. Үүний 30 хувь буюу 8130 айлыг орон сууцанд амьдардаг гэж авч үзвэл үлдсэн 18971 айл өрх нь хашаанд амьдарч байгаа юм. Өрх бүр хашаандаа нэг мод таривал агаарын бохирдол 50 хувиар буурахыг холбогдох мэргэжилтнүүд хэлж буй. Тэгвэл өрх бүр хашаандаа гурван мод тарьж, арчлан ургуулбал Баянхонгор хот Ногоон хот болохыг мөн онцолсон. Түүнээс гадна хашаандаа 1кг зүлгийн үр худалдан авч цацаад зүлэгжүүлбэл агаарын тоосжилт 80 хувиар багасах бөгөөд энэ хэрээр амьсгалын замын өвчлөл багасах тооцоолол хийжээ.
相关新闻