П.Эрдэнэбулган: Томуугийн зорилтот бүлгийн дархлаажуулалт 80 гаруй хувьтай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Нийслэлд сүүлийн долоо хоногийн мэдээгээр амбулаторийн үзлэгийн тоо нэмэгдэж, нийт 93 мянга гаруй иргэнд үйлчилжээ.
Үүнээс томуу, томуу төст өвчний шалтгаанаар амбулаториор үйлчлүүлэгчдийн 4.6 хувь нь ханджээ. Харин ХӨСҮТ-өөс гаргадаг тандалт мэдээний дүнгээр томуугийн өвчлөл улирал хоорондын үеэс идэвхжлийн үе рүү шилжээд 14 хонож байгаа аж. Томуугийн дэгдэлт үүсээгүй буюу томуугийн А болон В хүрээний вирус өвдсөн иргэдийн дунд илрээгүй. Гэсэн ч хүйтний улирал эхэлсэнтэй холбоотой өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа аж. Тиймээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа.
Тэрбээр, “Энэ жил томуугийн дархлаажуулалт өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад нэг сар гаруйн өмнө эхэлсэн. Энэ хэрээр эмнэлэгт хандаж хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо буурна гэсэн хүлээлт байна. Одоогоор томуугийн зорилтот бүлгийн дархлаажуулалт 80 гаруй хувьтай байгаа. Ирэх 7 хоногт дархлаажуулалт дуусна. Томуугийн өвчлөл нэмэгдэх хэрээр эмнэлэгт хандаж хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо нэмэгдэх хандлагатай байдаг. Үүнтэй холбоотой НЭМГ-ын харьяа үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагуудад амьсгалын замын өвчлөлтэй 800 гаруй хүүхдийг хүлээж авах зориулалттай ор дэлгэсэн. Үүнийг цаашид 2 дахин нэмж, 2000 гаруй ор дэлгэх нөөцийг бэлтгэсэн. Цэцэрлэг, сургуулийн нөхцөлд эрүүл ахуйн байцаагч нар бусад агентлагийн энэ чиглэлийн албан хаагчтай хамтран эрүүл ахуйн төлөвлөгөөт хяналт, шалгалт хийж, эрүүл ахуйн болон хоол үйлдвэрлэлийн чиглэлээр тодорхой зөвлөмж хүргэсэн. Мөн нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу томуугийн өвчлөлөөс сэргийлэх цогц арга хэмжээг авдаг. Энэ дагуу цэцэрлэг, сургуулийн багш нарт зориулсан томуу, томуу төст өвчнөөс хүүхдийг урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулна” хэмээлээ.
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх өвөрмөц арга бол вакцин, харин ахуйн нөхцөлд иргэд өөрсдөө эрүүл ахуйн аргаар урьдчилан сэргийлэх боломжтой юм. Тухайлбал, олон хүн цугласан газраар бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх, амны хаалт хэрэглэх, гараа тогтмол угаах, өрөө тасалгааг агааржуулж, нойтон цэвэрлэгээ тогтмол хийж байхыг албаны хүн зөвлөж байна.