Нийслэлийн тэргүүний өрх, тариаланчдыг шалгарууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-23 10:54:11

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Нийслэлийн 385 жилийн ойг тохиолдуулан “Нийслэлийн тэргүүний өрх”, “Нийслэлийн тэргүүний тариаланч”, “Бүтээлч ахмад”, “Ахмадад ээлтэй байгууллага”-ыг шалгарууллаа.


Тодруулбал, нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан, өөрсдийн хүч хөдөлмөрөөр өрхийн аж ахуй эрхлэн, хүнсний хангамжаа нэмэгдүүлж, нийгэмд баялаг бүтээгч хойч үедээ үлгэр жишээ болж буй есөн өрхийг “Нийслэлийн тэргүүний өрх”, есөн иргэнийг “Нийслэлийн тэргүүний тариаланч”, есөн иргэнийг “Бүтээлч ахмад”, нэг байгууллагыг “Ахмадад ээлтэй байгууллага”-аар шалгаруулсан байна.


Энэ үеэр Нийслэлийн тэргүүний тариаланч С.Эрхэмбаатар, М.Дагвадай нар “Бид 2018 оноос газар тариалан эрхэлж байна. Өнөөдрийн байдлаар хашаандаа 10 гаруй нэр төрлийн хүнсний ногоо, 400 орчим жимсний мод, бут тариаллаа. Үүний зэрэгцээ ногоо тариалах хүсэл сонирхолтой иргэдэд заавар зөвлөгөө өгдөг. Өнөөдрийг хүртэл уйгагүй ажилласны үр дүнд хөдөлмөрөө үнэлүүлж, энэхүү хүндтэй шагналыг хүртсэндээ сэтгэгдэл өндөр байна” гэлээ.


Харин Нийслэлийн тэргүүний өрхөөр шалгарсан Х.Чулуунбат “Манай гэр бүл дүүрэг, хорооноос зохион байгуулсан үйл ажиллагаанд идэвх, санаачилгатай оролцохыг хичээдэг. Мөн амьдарч буй орчноо эко болгох хүрээнд мод, ногоо тарих, зүлэгжүүлэх ажил тууштай хийсээр ирсэн. Биднээс үлгэрлэн хүү маань ногоо тариалдаг болж, энэ чиглэлд ажиллаж байна. Түүнчлэн ойр орчмын иргэдийг ногоо тарих үйл хэрэгт татан оролцуулж, хашаандаа байх худгаас цэвэр ус нийлүүлэн дэмжлэг үзүүлдэг” хэмээн ярилаа.








相关新闻