“Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-23 11:26:59

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар батлагдсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г үндэсний хэмжээнд танилцуулах ажлыг Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо хамтран зохион байгуулж байна.


Энэ хүрээнд хэрэгжилтийг хангахад хувь нэмрээ оруулан ажиллах Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа байгууллагуудын албан хаагчдад төлөвлөгөөг танилцуулжээ. Мэргэжилтнүүдийн өгсөн мэдээллээр монгол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9.6 жил аж. Энэ нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр байгаа юм. Тэгвэл 2024-2027 он хүртэл дөрвөн зорилт бүхий 36 үйл ажиллагааг төр, төрийн бус, аж ахуйн нэгж байгууллагууд хамтран хэрэгжүүлэх аж.


Төлөвлөгөөний дөрвөн зорилтод: 

 

-Хөвгүүд, эрэгтэйчүүдийн эрүүл зан үйл, амьдралын зөв дадал хэвшлийг сайжруулах замаар чанартай, урт наслалтыг дэмжих

-Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт эрэгтэйчүүдийн хамрагдалт, оролцоог тогтмолжуулах

-Зам тээврийн ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах замаар эрэгтэйчүүдийн осол гэмтэл, зуурдын нас баралтыг бууруулах

-Үндэсний хэмжээнд хүйсээр ангилсан мэдээллийг өргөтгөн сайжруулах, жендерийн дүн шинжилгээ хийх, хөгжлийн бодлогод тусгах замаар олон талт хамтын ажиллагааг дэмжих асуудал багтаж байна.



相关新闻