Монгол бахархлын өдрийн барилдааны түрүү бөхөд "Чингис хаан" цомыг анх удаа гардуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-30 12:00:22

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, өвлийн эхэн сарын шинийн нэгэн “Монгол бахархлын өдөр”-т  зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан ирэх сарын 2-нд Монгол бөхийн өргөөнд болно.


2012 оноос хойш уламжлал болгон зохион байгуулсан уг барилдаанд анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах “Чингис хаан” цомыг гардуулахаар болсныг ЕТГ-аас мэдэгдэв. Бөхчүүдийн бүртгэл маргааш эхлэх бөгөөд ирэх сарын 1-ний 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.


Тус барилдааныг анх зохион байгуулахад улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж байсан бөгөөд 2012, 2013 онд дараалан түрүү бөхөөр тодорсон байдаг. Түүнээс өөр хоёр түрүүлсэн бөх тус барилдааны түүхэнд гараагүй. Тэгвэл хамгийн сүүлд буюу өнгөрсөн жил улсын арслан Ц.Бямба-Отгон гарди цолтойдоо түрүүлсэн билээ.


“Монгол бахархлын өдөр”-ийн барилдааныг 2020 онд коронавируст цар тахлын улмаас зохион байгуулаагүй өнжсөн юм. Харин 2019, 2022 онд Улс тунхагласны ойтой давхцаж байжээ. Ингэснээр уг барилдааныг 12 дахь удаагаа уламжлал болгон зохион байгуулах гэж байгаа нь энэ юм.



相关新闻