БНСУ-д хууль бусаар амьдрагсдад өршөөлийн хуулийн боломжийг судлахыг зөвлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬБНСУ-д визний хугацаа хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг сайн дураар нутаг буцахад нь өршөөл үзүүлэх аяныг тус улсын Цагаачлалын албанаас зохион байгуулж байна.
БНСУ-ын Цагаачлалын албаны мэдээллээр тус улсад манай улсын 32817 иргэн оршин суудгаас 9700 орчим нь визний хугацаа хэтрүүлсэн аж. Аян хэрэгжиж эхэлснээс хойш буюу өнгөрөгч 8 дугаар сарын байдлаар нийт 822 иргэн сайн дурын үндсэн дээр эх орондоо буцаж ирсэн.
Тус улс анх уг аяныг энэ оны 4 дүгээр сарын 1-нээс 9 дүгээр сарын 30-ныг хүртэл 6 сарын хугацаатай зарласан. Дараа нь энэхүү шийдвэрээ эргэн харж, энэ оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгажээ.
Визний хугацааг хэтрүүлэн оршин сууж буй гадаадын иргэд дээр дурдсан хугацаанд сайн дураараа нутаг буцах тохиолдолд БНСУ-д буцаж орох эрх нь нээлттэй байх юм. Иймд манай иргэд энэхүү “Өршөөлийн хууль”-иар олгогдож байгаа боломжийг судалж үзэхийг Гадаад харилцааны яамны Консулын газраас зөвлөлөө.
Б.Туул