Гэрч, хохирогчийг хамгаалах төрийн өмчит байр барих хэрэгтэй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-10-18 16:47:52

ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэс, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дөрвөн ТББ-ын төлөөлөл хамтран өнөөдөр Гэрч, хохирогчийг хамгаалах шинэчилсэн журмын талаар хэлэлцүүлэг хийв.

Хэлэлцүүлгээр “Гэрч, хохирогчийг хамгаалах аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээний шинэчилсэн журам”-ын төслийг хэлэлцэж, цаашид хамтран ажиллах чиглэлээр санал солилцсон юм.

ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар “Шинэ гарч буй журам гэрч, хохирогчийн эрх ашигт нийцэж буй эсэхийг судлах зорилгоор энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудаас санал авлаа. Энэхүү журамд санхүүгийн эх үүсвэр, гэрч хохирогчийг хамгаалах хугацааг тодорхой тусгах хэрэгтэй байгааг ТББ-ын төлөөллүүд хэлж байна” гэв.

Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Г.Ганбаясах “Гэрч, хохирогчийг хамгаалах нь төрийн үүрэг. Тэднийг хамгаалах явцад гарч байгаа зардлыг төр хариуцах ёстой. Гэтэл төр хамгаалах байр ажиллуулж буй ТББ-ууддаа санхүүжилт огт өгөхгүй байна. 2012, 2013 онд гэрч, хохирогчийг хамгаалахад жилд 7 сая төгрөг өгч байсан. Харин 2014 оноос хойш санхүүгийн хямралтай гээд өгөхөө больсон. Гэрч, хохирогчийг хамгаалахад зардал их гардаг. Иймээс төр үндсэн үүргээ гүйцэтгэх хэрэгтэй” гэлээ.

Журамд гэрч хамгаалах төрийн өмчит байр барих, гэрч, хохирогчийн эрсдлийг тооцох маягттай болох, бэлгийн цөөнх, гадаадын болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан заалт шинээр оруулах зэрэг зохицуулалтыг тусгахаар ТББ-ууд санал хэлж байв. Эдгээр саналыг хамтран хэлэлцэж, нэгтгэсэн дүнгээ Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэст өгөх юм байна.  

Г.Даваамаа

相关新闻