БАЯНХОНГОР: Газар нутгийн 60 гаруй хувьд бэлчээрийн даац хэтэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР![](/files/673c466e389bb.png)
Баянхонгор, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн 20 сумын 103 багийн 12.9 мянган малчин өрхөд 3.9 сая гаруй мал өвөлжиж, хаваржина. Ямаа 2.3 сая, хонь 1.2 сая буюу 3.5 сая мал нь бог бол үлдсэн хувь нь бод мал байна.
Тус аймаг нь 8.8 сая га бэлчээрийн талбай, 10.4 мянган га хадлангийн талбай, 316 мянган га отрын нөөц талбайтай. Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 38.2 орчим хувьд бэлчээрийн даац хэвийн, харин 61.8 хувьд хэтэрч гарчээ. Тодруулбал,
- 27.9 хувь нь - Бэлчээрийн нөөцтэй
- 10.3 хувь нь - Бэлчээр хүрэлцээтэй
- 29.9 хувь нь - Даац 1-3 дахин хэтэрсэн
- 9.6 хувь нь - Даац 3-5 дахин хэтэрсэн
- 22.3 хувь нь - Даац олон дахин хэтэрсэн хүрэлцээтэй гарсан байна.
Дээрх үзүүлэлтээр аймгийн хэмжээнд Галуут, Баянлиг, Баянговь, Баацагаан, Бууцагаан, Гурванбулаг сум бэлчээрийн даац олон дахин хэтрэлттэй гэжээ.