“Үндсэн хуульт ардчилал ба харьцуулсан эрх зүй судлал” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2024-11-19 17:36:41

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Шихихутуг их сургуулийн эрдэм судлалын брэнд болсон олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 16 дахь жилдээ “Үндсэн хуульт ардчилал ба харьцуулсан эрх зүй судлал” сэдвээр зохион байгууллаа.


Хурлыг Европын холбооны санхүүжилтээр МУИС-ийн ХЗС, Шихихутуг их сургууль, Италийн Миланы их сургууль, Францын Нормандын их сургуулиудын хүрээнд хэрэгжүүлж буй “Монгол Улсын их дээд сургуулиудын харьцуулсан эрх зүйн болон Европын Холбооны эрх зүйн чадавхыг бэхжүүлэх” төслийн зорилтын хүрээнд зохион байгуулснаараа онцлогтой.

Хуралд АНУ-ын Йелийн их сургууль, БНУУ-ын Дунайварошийн их сургууль, Печийн их сургууль, БНТурк улсын Хуулийн сургууль, ОХУ-ын ЭУИС-ийн Хууль зүй сургууль,  БНСУ-ын Хандоны их сургууль болон МУИС, ДХИС-ийн эрдэмтэн судлаачдаас 40 орчим судлаач илтгэлээ ирүүлснээс сонгон шалгаруулалтын журмаар 9 илтгэлийг хэлэлцүүлэв.

Энэ удаагийн хурлыг Монгол Улсад анхны Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ой тохиож буй түүхэн цаг хугацаанд зохион байгуулав. Цаашид Үндсэн хуульт ардчиллыг улам хөгжүүлэхэд шаардлагатай судалгааны чиглэл, асуудлуудыг тодорхойлох, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааны чиглэлийг өргөжүүлэх чиглэлээр үндсэн хуулийн эрх зүй судлаачид онцгой үүрэг хариуцлага хүлээн ажиллана гэж найдаж буйгаа хурал зохион байгуулагчид тодотгов.

Дотоод, гадаадын эрдэмтэн судлаачдын илтгэлд Үндсэн хуульт ардчиллын тулгамдсан асуудлууд тэдгээрийн  эрх зүйн зохицуулалтын тухайд орон орны туршлага, сургамжийг харьцуулан үнэлж дүгнэсэн, Үндсэн хуульт ардчилал ба хүний эрхийг хангахтай холбогдсон олон чухал санаа, зөвлөгөө гарсан юм.


Хурлын илтгэлүүдийг эмхэтгэн хэвлүүлж хэрэглэгчдэд хүргүүлэх аж.







相关新闻