Гэр бүл төвтэй, хүүхдийн хөгжил хамгааллын үйлчилгээг сум бүрд хүргэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Гэр бүл төвтэй, хүүхдийн хөгжил хамгааллын үйлчилгээг 2025 оны нэгдүгээр сарын нэгнээс үзүүлэхээр сум бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллана. Нийт 927 байцаагч байх аж.
Мөн Зөрчлийн тухай хуульд зааснаар хүүхдийн эрхийг зөрчсөн
хүнд арга хэмжээ авах Хүүхдийн эрхийн байцаагч ажиллах бөгөөд 16 мянган хүүхэд
тутамд нэг байцаагч байхаар төлөвлөснийг ГБХНХЯ мэдээлжээ.
Манай улс анх удаа 2016 онд “Хүүхэд хамгааллын тухай
хууль”-тай болж, өнгөрсөн онд шинэчлэн найруулсан бөгөөд тус хуулийг өнгөрсөн есдүгээр
сарын нэгнээс эхлэн мөрдөж байна.
Бэлгийн хүчирхийллийн хохирогчдод хүүхэд хамгааллын нөхөн
сэргээх үйлчилгээг 2022 онд 369, 2023 онд 452 хүүхдэд, 2024 онд 198 хүүхдэд
үзүүлжээ. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дэргэд өнгөрсөн
онд байгуулсан "Гэрэлт нар" хүүхэд хамгааллын нөхөн сэргээх
үйлчилгээний төв гэхэд энэ оны 10 дугаар сарын байдлаар бэлгийн хүчирхийллийн 34
хохирогч, хүн худалдаалах гэмт хэргийн 6 хохирогчид үйлчилсэн байна.
ХНХЯ, СЯ хамтран 2022 онд баталсан "Хүүхэд хамгааллын
үйлчилгээний зардлын аргачлал, норматив"-д бэлгийн хүчирхийллийн
хохирогчид үйлчлэх дундаж хоногийг 182 гэж тогтоосон. Бэлгийн хүчирхийллийн
хохирогчийн хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ 6 сараас 1.7 жил хүртэлх
хугацаанд үргэлжилдэг байна.
Хүүхэд хамгааллын үйлчилгээ нь шуурхай тусламж, хамгаалах
нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх гурван хэсгээс бүрдэнэ. Хүүхдийн
хүчирхийлэлтэй холбоотой 108 дугаарт дуудлага ирэх, гэмт хэргийн шинжтэй
мэдээлэл бүртгэгдэхэд тухайн хүүхдийг даруй хамгаалдаг. Бэлгийн хүчирхийллийн
хохирогч хүүхдүүдийн 70 гаруй хувь нь гэр бүлийн орчин, ураг төрлийн хүрээнд байдаг
статистик бий. Нэн түрүүнд хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлэн, түр хамгаалах байр,
эсвэл гэр бүлд нь хүүхэд хамгаалах үйлчилгээг үзүүлнэ. Ингэхдээ гэр бүлийн дэмжлэг сайн, аюул
эрсдэлгүй бол гэр бүлд нь, харин орчин эрсдэлтэй, төрсөн эцэг, ах, хамаарал
бүхий хүн үйлдсэн бол, мөн гэр бүлийн дэмжлэг муу, эцэг эх асран хамгаалагч
хүүхдийг буруутгах эрсдэл байвал гэр бүлээс нь тусгаарладаг. Хүүхдийн аюулгүй
байдлыг хангаж, сэтгэл зүй, сэтгэл заслын, нийгэмшүүлэх хөтөлбөрт хамруулах, эрүүл мэнд
боловсролын үйлчилгээнд зуучлах, эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээний зардлыг,
мөн хууль эрх зүйн туслалцаа үзүүлж, төлөөлөгч томилон, өмгөөлөгчийн зардлыг
хүүхэд хамгааллын төсвөөс гаргадаг
аж.