Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжинэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ, БНСУ-ын “Глобал Сивик Шэйринг” олон улсын байгууллага Монголд мал аж ахуйн салбарын мэргэжилтэн, ажиллах хүчийг чадавхжуулах замаар үйлдвэрлэлийн чанар, бүтээмжийг сайжруулах, эрдэм шинжилгээ, судалгааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, хүртээмжтэй хөгжлийг дэмжихэд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
“Глобал Сивик Шэйринг” байгууллага нь 2002 оноос Монголд орон нутгийн хөгжлийн үйл
ажиллагаа явуулж “Малын банк” зээлийн, “Өвс, тэжээлийн фонд” тусламжийн
хөтөлбөр, “Орон нутгийн удирдагч иргэн бэлтгэх сургалт” төсөл, “Хоршооны
засаглалыг бэхжүүлэх замаар өрхийн орлогыг нэмэх” зэрэг урт, дунд хугацааны төсөл, хөтөлбөрийг
амжилттай хэрэгжүүлжээ. Тус
байгууллага 2021 оноос БНСУ-ын КОЙКА байгууллагын 5н сая ам.долларын буцалтгүй санхүүжилттэй
“Хүртээмжтэй мал аж ахуй” төслийг хэрэгжүүлж байна.
“Хүртээмжтэй мал аж ахуй” төслийг мал аж ахуйн үйлдвэрлэлийн бодлогын
орчинг сайжруулах, хоршооны үйл ажиллагааг засаглал, үйл ажиллагааны түвшинд дэмжих, мал аж
ахуй эрхлэгчид болон тус салбарын мэргэжилтэн, төрийн албан хаагчдыг чадавхжуулж, үйлдвэрлэлийн чанар, бүтээмжийг
дээшлүүлэх, өртгийн сүлжээг бэхжүүлэхээр 2021-2035 онд хэрэгжүүлэх
аж. 2021-2025 онд хэрэгжих эхний үе шатны төсөл нь дөрөв дэх жилдээ
хэрэгжиж байна.
Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт сүүний үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулж эхний хувилбарыг бэлэн болгожээ. “Глобал Сивик Шэйринг” олон улсын байгууллагын Монгол дахь салбарын захирал Жу Хёнь Жү “Тус мастер төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлснээр нийслэл орчмын эрчимжсэн мал аж ахуйг шинжлэх ухааны үндэслэлтэй, системтэй хөгжүүлэх боломж бүрдэж, малын эрүүл мэнд, үржлийн бүртгэл, мэдээлэлд суурилсан үйлдвэрлэлийг төлөвлөх, мал аж ахуйн гаралтай хүнсний чанар, гарц сайжрах, орон нутгийн онцлог үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн кластерын сонгомол жишээ болно” гэв.
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн
“Төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх, мал аж ахуйн салбарын нэмүү өртөг шингэсэн
бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулахыг дэмжинэ” гэдгээ онцолжээ.