“Хиймэл оюун ухаан” гурван боть номын нээлт боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Б.Дамдинсүрэнгийн “Хиймэл оюун ухаан” гурван боть номын нээлт ШУТИС-ийн номын санд өчигдөр боллоо.
Уг ёслолд ШУТИС-ийн ректор Т.Намнан, Сургалт, цахим шилжилт эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, номын редакторууд болон оюутан суралцагсад, багш ажилчид оролцов.
Номын нэгдүгээр ботид хиймэл оюуны түүх, өнөөгийн ололтоос эхлээд хиймэл оюун ухаан дахь хайлтын алгоритмууд, мэдлэг, түүний дүрслэл, тодорхой бус байдал, чатбот, ухаалаг виртуал туслах, агентуудын талаар бүлэглэн багтаажээ.
Хоёрдугаар ботид машин сургалтын үндсэн алгоритмууд, гүн сургалт, нейрон сүлжээ, тэдгээрийн хэрэглээ, машин сургалтын загвар байгуулах, өгөгдлөө хэрхэн бэлтгэх, загварын үнэлгээний талаар, харин гуравдугаар ботид сүлжээний загваруудыг илүү тусгаж, компьютерын хараа, робот технологи, автоматжуулалт дахь хиймэл оюуны хэрэглээний талаар тус тус өгүүлжээ.
Энэхүү боть номуудад өгүүлсэн машин сургалтын аргуудыг ашиглан загвар байгуулж их хэмжээний өгөгдөл дэх зүй тогтол, хэв маягийг тогтоох боломжтой тул хиймэл оюун ухаан, машин сургалт нь зөвхөн мэдээллийн технологийн чиглэлээр сурч буй оюутан, мэргэжилтнүүдээр хязгаарлагдахгүй бусад салбарын мэргэжилтнүүд өөрийн өгөгдөл дээр ашиглах боломжтой юм байна.