“Өвсний үндэс” төслийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын сургуулийг засна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-аар “Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн засварын төсөл”-ийг хэрэгжүүлэхээр боллоо.
Уг төслийн гэрээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү болон Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангар нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
Төслийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн байранд засвар хийх юм.
Тухайлбал, дээвэр, дотор засал, цахилгааны шугамыыг засварлах, агааржуулалтын системийг шинээр суурилуулах, дулааны шугамын болон радиаторыг солих аж.
Төслийг хэрэгжүүлснээр тус сургуулийн орчин нөхцөл сайжирч 1006 хүүхэд болон 132 багш ажилтан эрүүл аюулгүй орчинд сурч хөдлөлмөрлөх нөхцөл бүрдэнэ гэдгийг Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү тодотгов.
Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн захирал С.Арманбек хэлэхдээ, “Манай сургууль 1948 онд анх байгуулагдсан. Энэ хичээлийн жилд 1000 гаруй сурагчтай, 133 багш, ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Манай сургуулийн хичээлийн байр 1974 онд ашиглалтад орж, 2005 онд их засвар хийсэн. Түүнээс хойш засвар хийгээгүй, нэлээн хуучирсан сургууль байгаа юм. Тэгдэл өнөөдөр Япон Улсын Засгийн газрын Өвсний үндэс төслийн хүрээнд их засварт орохоор боллоо. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр манай сургуулийн нөхцөл сайжирч, сурагчид орчин үеийн стандарт хангасан хичээллийн байранд хичээллэх болсонд баяртай байна” гэв.
Япон Улсын Засгийн газар Монгол оронд 1990 оноос өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 608 дахь, Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэх 23 дахь төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 225,711 ам.доллар юм.
“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүргийг гүйцэтгэдэг.