БАЯНХОНГОР: -40 хэм хүрч хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-12-20 15:11:34

Баянхонгор, 2024 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Хүйтний эрч 23-ныг хүртэл бага зэрэг сулрах боловч 24-нөөс дахин чангарч Заг, Байдрагийн хүрэн бэлчир, Гурванбулаг сумын нутгаар шөнөдөө 40 градус хүрч хүйтрэх төлөвтэйг аймгийн УЦУОША-наас мэдээллээ. 


Энэ сарын 21-25-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг тус албанаас мөн ирүүлэв.


23-нд хангайн уулархаг нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.


Салхи 23, 24-нд Алтайн салбар уулсын нутгаар 10-12м/с, түр зуур 16м/с хүрч ширүүсч явган цасан шуурга шуурна. Бусад хугацаанд нийт нутгаар баруунаас 3-8м/с.


Агаарын температур Баянбулаг, Гурванбулаг, Заг, Байдрагийн хүрэн бэлчирээр шөнөдөө -35-40 градус, өдөртөө -18-23 градус, Галуут, Эрдэнэцогт, Шаргалжуутын нутгаар шөнөдөө -25-30 градус, өдөртөө -14-19 градус, бусад нутгаар шөнөдөө -20-25 градус, өдөртөө -10-15 градус хүйтэн байна.


Улсын хэмжээнд хамгийн зузаан цасан бүрхүүл Баянхонгор аймгийн Гурванбулаг сумд тогтоод байгаа бөгөөд цасны зузаан 23 см хүрчээ.


相关新闻