БАЯНХОНГОР: Томуугийн өвчлөл алаг цоог түвшинд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-01-17 14:04:00

Баянхонгор, 2025 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Томуу, томуу төст өвчин аймгийн хэмжээнд алаг цоог түвшинд байгааг Эрүүл мэндийн газраас мэдээлэв. Өвчлөл өмнөх долоо хоногуудад дэгдэлтийн түвшинд хүрч идэвхжиж байсан бол сүүлийн долоо хоногт амбулаторийн 5310 үзлэгийн 10.1 хувийг томуугийн өвчлөл эзэлж байна.


Амьсгалын замын халдварт 537 өвчлөлөөс 73 хувь нь 15 хүртэлх насныхан байгаа бол, тэр дундаа 4 хүртэл насныхан 67.8 хувийг эзэлж байгаа бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн 79.4 хувь нь томуугийн шалтгаантай өвчлөл байгаа юм.


Томуугийн өвчлөл өмнөх долоо хоногоос 5.2 хувиар буурсан бол өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 0.7 хувиар их, сүүлийн гурван жилийн дунджаас 0.5 хувиар бага байна.


Сурагчдын улирлын амралт дуусаж хичээл эхлэх үед хүүхдүүдээ дулаан хувцаслан, зохистой хооллож, гарыг тогтмол угаалган, амны хаалт зүүлгэж хэвшихийг аймгийн Эрүүл мэндийн газраас эцэг эх, асран хамгаалагчдад санууллаа.


Амьсгалын замын цочмог халдвар буюу томуу, томуу төст өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч болон булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинж тэмдэг илэрснээр өвчин хүндэрдэг. Өвчлөхөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл, дархлааг сайн байлгах явдал. Тиймээс аминдэмээр баялаг, чанартай хоол хүнс болон жимс, жимсгэний шүүсийг тогтмол хэрэглэх, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, ажил амралтаа зөв зохицуулах, хангалттай амрах шаардлагатай юм.

相关新闻