Төмөр замын тээврийн үнэ тарифыг багасгахыг хүсэж буйгаа илэрхийллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-01-31 11:09:30

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ОХУ-ын Тээврийн дэд сайд, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Ерөнхий хорооны гишүүн Шило Алексей Николаевич, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиков тэргүүтэй ОХУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.


Талууд уулзалтын үеэр Орос, Монгол хоёр улсын төмөр зам, агаарын болон авто тээврийн салбар дахь хамтын ажиллагаа, ачаа, зорчигч тээврийн салбарт мөрдөх үнэ тарифыг хөндөн ярилцав. Тодруулбал, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төмөр замын тээврийн үнэ тарифыг нэмэх талаар ОХУ-ын төлөөлөгчдийн тавьсан саналын хариуд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбарын экспортын борлуулалтаас их хамааралтай. Гэтэл дэлхийн зах зээлд эрдэс баялаг, түүхий эдийн үнэ унаж эхэлсэн нь хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй. Монгол шиг жижиг зах зээлтэй, хөгжиж буй улс оронд төмөр замын тээврийн үнэ тарифыг нэмэх нь эдийн засаг, экспортлогч аж ахуй нэгжийн хувьд том дарамт болно. Иймд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төмөр замын тээврийн үнэ тарифыг нэмэхийг манай улсын эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн амьжиргаа, ААН-ийн бизнесийн хэвийн үйл ажиллагаатай уялдуулах ёстой. Төмөр замын тээврийн үнэ тарифыг нэмэх бус эсрэгээрээ багасгахыг дахин нухацтай авч хэлэлцэхийг санал болгосон юм.


Тэрбээр хоёр улсын хооронд зорчигч болон ачаа тээврийн урсгалыг нэмэх чиглэлээр агаарын тээврийн үйлчилгээнд Москва-Улаанбаатар хот хоорондын шууд нислэгийг сэргээхээр бэлтгэж байна. Мөн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг 2030 он хүртэлх шинэчлэл, хөгжлийн хөтөлбөрийн талаар санал бодлоо илэрхийлээд, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр замын шинэ шугам Монголд байгуулах саналыг ажил хэрэг болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд уламжилж байсан, энэ хүрээнд төслийн ТЭЗҮ-ийг нарийвчлан судалж, боловсруулж байгаа талаар мэдээлэл өгөв.


Талууд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төмөр замыг шинэчлэн сайжруулах талаар санал солилцож, шинэчлэл хийх хөрөнгө оруулалтыг хамтран шийдэх боломж нөхцөл, Монгол, Орос хоёр улсын Засгийн газрын бодлого шийдвэрийг дэмжин тээврийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах тухай хэлэлцсэнийг ЗТЯ мэдээлжээ. 


Уулзалтын төгсгөлд Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ОХУ-ын Тээврийн дэд сайд, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүн А.Н.Шилод хандан хоёр улсын эдийн засаг, тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарч дэмждэгт талархаад, “Алексей Николаевич та Монгол Улс руу тээвэрлэх нефть, нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлт тасалдсан хүнд үед асуудлыг хариуцаж, манай улсад нааштай шийдэж өгсөнд талархал илэрхийлэхийг хүсэж байна” гэв.


Монгол-Орос-Хятад гурван улсын сайд нарын уулзалтыг энэ оны дөрөвдүгээр сард Монголд зохион байгуулах саналыг ОХУ-ын тээврийн сайдад уламжилсныг дурдаад, сайд нарын энэхүү уулзалтад ОХУ-ын Тээврийн сайд Р.В.Старовойт  болон холбогдох албаны хүмүүсийг хүрэлцэн ирэхийг уриад, албан урилгыг гардуулан өгөв.

 

相关新闻