“Инженер, технологийн дээд боловсрол” төслөөр МУИС сургалт, судалгааны лабораторийн тоног төхөөрөмжтэй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-02-03 16:17:45

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол, Японы Засгийн газар хамтран 2014 оноос “Инженер, технологийн дээд боловсрол” нэртэй төслийг манай улсад хэрэгжүүлж эхэлжээ.


12 дахь жилдээ хэрэгжиж буй эл төслийн хүрээнд одоогоор 14.1 сая ам.долларын тоног, төхөөрөмжийг МУИС, ШУТИС-д нийлүүлсэн байна. Тэгвэл өнөөдөр “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн санхүүжилтээр академик хэвлэл хөгжүүлэх, инженерийн цахим агуулгыг сайжруулах, дэмжих зорилгоор 259 846 ам.долларын үнэ бүхий хэвлэлийн болон студийн 42 нэр төрлийн 105 ширхэг тоног төхөөрөмжийг МУИС-д хүлээлгэн өглөө. Ингэснээр эдгээр тоног төхөөрөмжийг ашиглан их сургуулийн багш, судлаачид цахим хичээлийн сан үүсгэн хадгалах, байнгын сайжруулалт хийх, шинэчлэн хадгалж олон нийтэд түгээх, оюутнууд  номын сангийн цахим хичээлийн сангаас авч үзэх, судлах боломжтой болж байна.


Мөн Монгол Улсын хэмжээнд шинжлэх ухааны судалгааны үр дүн, онолын бүтээл, ололт амжилтыг олон нийтэд хүргэх, шинжлэх ухааны сэтгүүл, ном, эсээ, эрдэм шинжилгээний хэвлэмэл бүтээлийг мэргэжлийн өндөр түвшинд чанартай хэвлэн түгээхэд ашиглах академик хэвлэлийн тоног төхөөрөмжүүд нь сургалт, судалгааны бүтээлийг офсет бус аргаар, эрэлтэд үндэслэн, цөөн тоогоор, үр ашигтай хэвлэн нийтлэх боломжтойгоороо онцлог төдийгүй хэвлэлийн шат дамжлага, цаг хугацаа, зардлыг хэмнэх аж.


Энэхүү төслийн зохицуулагч Д.Намсрай “Цахим сургалтын хэрэглэгдэхүүн нэмэгдэх боломж нээгдэж, 2030 он хүртэлх МУИС-ийн шинэчилсэн стратеги дээр тасралтгүй боловсролыг дэмжих зорилттой ажиллаж байна. Энэ орчныг бүрдүүлэхэд тоног төхөөрөмж чухал үүрэг гүйцэтгэж байгаа” хэмээн онцолсон бол ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ “Энэхүү төслийг 2014 оноос 12 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа. Монгол Улсын аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд нэн түрүүнд шаардлагатай боловсон хүчний тоо чанарыг нэмэгдүүлэх, их, дээд сургуулийн үйл ажиллагааг чадавхжуулах, сургалтын хөтөлбөрт шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлж байна. Мөн Японы их, дээд сургуулийн багш нартай хамтран судалгаа хийхэд нь дэмжинэ” гэв.


Ташрамд сонирхуулахад, 2014 онд “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд 7.5 тэрбум иений хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг байгуулж, УИХ соёрхон баталснаар төсөл хэрэгжүүлэх үндэс суурийг тавьсан байна.








相关新闻