БАЯНХОНГОР: Эрүүл мэндийн салбарынхан туршлага судаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-02-07 15:56:52
Баянхонгор, 2025 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. 2025 оныг Баянхонгор аймаг "Эрүүл мэндийг дэмжих жил" болгон зарлаж, эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан иргэд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, салбар байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр олон талт ажлыг төлөвлөөд буй.

Энэ хүрээнд лавлагаа шатлалын болон олон улсын жишиг эмнэлгүүдэд туршлага судлах уулзалтыг аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газрын холбогдох албаныхан зохион байгуулав. Ажлын багийг Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр ахлан Улаанбаатарт ажилласан байна.

Уулзалтыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эх хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний онцлог нөхцөл, үйл ажиллагааны туршлага судалснаар эхлүүлжээ. Ажлын багийн бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын төлөөлөгч О.Батаа, ИТХ-ын төлөөлөгч Н.Нарангарав, аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга Д.Сарангарав, ЗДТГ-ын НБХ-ийн мэргэжилтэн М.Дүгэрмаа, ЭМГ-ын дарга Н.Энхжаргал, Нэгдсэн эмнэлгийн ТУЗ-ийн дарга Н.Сундуй, Нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн тасгийн эрхлэгч С.Эрдэнэчулуун, Сувилахуйн арга зүйч Г.Баярмаа нар багтжээ.
Баянхонгор аймаг бүх шатны эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээг сайжруулан, ялангуяа Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тохижилт, үйл ажиллагааны зохион байгуулалтыг улсын хэмжээнд жишиг болгох, нутаг орноос гаралтай анагаахын салбарын эрдэмтэн профессор, доктор судлаач нарын зөвлөгөө дэмжлэгийг авч, тэдний оролцоог ханган эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд ахиц гаргах ажлын суурийг тавив.

Ажлын багийнхан мөн олон улсын стандартыг Монголдоо нэвтрүүлэн ажилладаг “Интермед” эмнэлэгтэй эмч, сувилагч эмнэлгийн тусгай мэргэжилтнийг сургаж дадлагажуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний Олон улсын стандартыг нэвтрүүлэхэд дэмжлэг авах, Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулахад менежментийн зөвлөх үйлчилгээ авах чиглэлүүдээр хамтран ажиллахаар тогтсон байна.

Аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяраар ахлуулсан ажлын баг Улсын хоёрдугаар төв эмнэлгийн удирдлагуудтай уулзаж, халдварын сэргийлэлт, хяналт, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах, үйлчлүүлэгч төвтэй бодлого хэрэгжүүлэх, байгууллагын брэндбүүкийг бий болгох зэрэг асуудалд дэмжлэг авах орчин үеийн жишиг амбулаторийн үйл ажиллагааны зохион байгуулалт, тусламж үйлчилгээний оновчтой урсгал чиглэлийг стандартад нийцүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг ажлыг хамтран зохион байгуулахаар харилцан тохиролцжээ.
相关新闻