Аймгийн 80 жилийн ойн логоны уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-25 18:00:03

Булган аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой 2018 онд тохиож байгаатай холбогдуулан ой угтсан арга хэмжээ, сурталчилгаа, бүтээн байгуулалт, бэлэг дурсгалыг ойн бэлэгдлээр чимэглэн, дурсгал болгон мөнхжүүлэх зорилгоор 80 жилийн ойн лого бүтээх уралдаан зарлалаа.

Уралдаанд оролцогчид Булган аймгийн түүх, уламжлал шинэчлэл, газар нутгийн онцлог, эрхэм зорилго, алсын хараа үнэт зүйлсүүдийг бүтээлдээ тусгасан байх ёстой. Уран сайхны хувьд төгс, график дизайны мэргэжлийн программ дээр хийсэн, өндөр нягтралтай бүтээл байх хэрэгтэй гэнэ. Нэг оролцогч  хэдэн ч загвараар өрсөлдөж болох бөгөөд бүтээл тус бүр тайлбартай байх ажээ.

Бүтээлийг 2016 оны 10-р сарын 31-ний өдрийн 17 цаг хүртэл Аймгийн засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн соёл, спортын ажил хариуцсан мэргэжилтэнд файл хэлбэрээр аваачиж өгөх бөгөөд  шагналын сан нь 500,000 мянган төгрөг юм байна.

Одоогийн Булган аймгийг Ардын Сайд нарын зөвлөлийн 1937 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Булган аймаг байгуулах тухай шийдвэр гарч энэ дагуу 1938 оны 1 сарын 15-ны өдөр аймгийн яамны хурал хуралдаж, анх 15 сум, 128 баг, 10360 өрх, 43500 хүн ам, 1.1 сая мал, 42.2 мянган ам дөрвөлжин километр нутагтайгаар байгуулж байжээ. Тэгвэл өдгөө 60 орчим мянган хүн амтай, 16 мянган өрх айлтай, 3,2 сая толгой малтай болсон байна.

                                                                                                                                   П.Батням

 

相关新闻