ГОВЬ-АЛТАЙ: Сурагчдын мэдээлэл технологийн ур чадварыг дээшлүүлэх “Хурдан” клуб байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2025 оны хоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Төрийн цахим үйлчилгээний хэлтсээс аймгийн Засаг даргын дэргэдэх мэдээллийн технологийн “Хурдан” клубийг байгууллаа.
Мэдээлэл технологи хурдацтай хөгжихийн хэрээр тус салбарт бодитой хувь нэмэр оруулах, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад тухайн чиглэлээр ажиллах, чадварлаг мэргэжилтний эрэлт хэрэгцээ жил бүр өсөн нэмэгдэж байна. Энэ цаг үед ахлах ангийн сурагчдын мэдээлэл технологийн ур чадварыг дээшлүүлж, цахим ур чадвартай иргэдийг нэмэгдүүлэх зорилгоор Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэд мэдээлэл технологийн “Хурдан” клуб байгуулж, хоёрдугаар сарын 24-нд нээлтээ хийж хүүхдүүдээ батламжлав.
Клубийн нээлтэд УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Захиргаа удирдлагын газрын дарга Д.Батбилэг Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат, ЗДТГ-ын дарга Ш.Эрдэнэбат, Говь-Алтай аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Б.Оюунцэцэг нар оролцлоо.
Энэхүү клубээр дамжуулан хүүхэд залуусын цахим зөв хэрэглээ, технологийн дэвшлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, тэдний идэвх оролцоонд тулгуурлан нийгмийн хүрээлэлд нөлөөлөх, ирээдүйн мэргэжил боловсролоо сонгон суралцахад нь дэмжлэг үзүүлэх юм. Мөн клубийн сурагчид мэдээллийн технологийн чиглэлээр гадаад, дотоодын төсөл хөтөлбөрт хамрагдах боломж нээгдэж байгаа гэдгийг Говь-Алтай аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсээс танилцуулав.