Морингийн давааны үйлдвэрт өдөрт 100 тонн хог боловсруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-02-25 10:45:54

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Морингийн давааны барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр өдөрт 100 тонн хог боловсруулна.


Хогийн цэг, барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрт зайлшгүй шаардлагатай ландфил нягтаршуулагч, барилга нураалтын экскаватор, бульдозер, дугуйт ачигч, усны машин, өөрөө буулгагч автомашин зэрэг 29 нэр төрлийн хүнд даацын машин механизм, сэлбэг хэрэгсэл шинээр нийлүүлээд байна. Үйлдвэрийн ландфилын байгууламж нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан 8.5 сая тонн хог хаягдлыг хүлээж авах хүчин чадалтай аж.


НЗДТГ-ын захиалгаар “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх” төслийн хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилт, Европын холбооны буцалтгүй тусламжаар барьсан тус үйлдвэр нь эрүүл ахуйн шаардлага хангасан шинэ ландфилын байгууламж, барилгын хог бутлах ангилах үйлдвэрийн талбай, машин механизмын гарааш, оффисын барилгаас бүрдэж байгаа. 



Улаанбаатар хотод хогийн төвлөрсөн гурван цэгт жилд дунджаар 1.4 сая орчим тонн хог хаягдал цуглардаг. Нийт хог хаягдлын 11.4 хувийг дахин боловсруулж, 88.6 хувийг булж устгадаг. Үүний 20-30 хувийг барилгын хог эзэлдэг байна.


Хатуу хог хаягдлыг боловсруулан хайрга, дайрга болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах, хогийн цэгийн тоо, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг багасгах, ус, эрчим хүчийг хэмнэх, тогтвортой ажлын байр бий болгох гэдэг утгаараа ач холбогдол их, үр өгөөжтэй төсөл” гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг тус үйлдвэрт ажиллах үеэрээ тэмдэглэснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ. 



相关新闻