Ханын материал орчмын газрын 98 хувийг чөлөөлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол болон авто замын түгжрэлийг бууруулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр гэр хорооллыг орон сууцжуулах төслийг үе шаттай хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн V хорооны Ханын материал орчмын 12.6 га талбайд нийт 3000 айлын орон сууцыг барих ажлыг өнгөрсөн аравдугаар сарын 24-нөөс эхлүүлсэн. Тодруулбал, төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний ээлжинд 1800, дараагийн ээлжид 1200 айлын орон сууцыг ашиглалтад оруулах юм. Уг бүсэд нийт 213 нэгж талбарыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 209-ийг чөлөөлсөн бөгөөд чөлөөлөх ажил 98 хувьд хүрчээ.
Төслийн гүйцэтгэгчээр “Материал Импэкс” компани ажиллаж байгаа бөгөөд тухайн аж ахуйн нэгж өөрийн хөрөнгөөр 1800 айлын орон сууц барьж байгуулахаар төлөвлөсөн байна. Бүтээн байгуулалтын ажил дууссаны дараа нийт барилгын 15 хувийг “Нийслэлийн орон сууцны корпорац”-д шилжүүлэх аж. Ингэснээр тухайн бүсийн хоёрдугаар ээлжийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлэх юм. Төслийн хүрээнд 240 хүүхдийн цэцэрлэг, 400 хүүхдийн суудалтай сургууль, худалдаа үйлчилгээ спортын төв бүхий цогц шийдэлтэй орон сууцны хотхоныг төлөвлөжээ. Түүнчлэн нийт талбайн 50 хувьд ногоон байгууламж, нийтийн эдэлбэр зогсоол барина.
Төсөл хэрэгжсэнээр хүн амын хэт
төвлөрлийг сааруулах, иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг
нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлж, агаар, хөрс,
орчны бохирдлыг бууруулна гэж тооцжээ.
Ulaanbaatar