Дөрвөн байршилд үерийн хамгаалалтын далан барина
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Геодези, усны барилга байгууламжийн газраас НЗДТГ, УБЗАА-тай хамтран энэ онд хийх ажлын төлөвлөгөөг үе шаттай танилцууллаа.
Улаанбаатар хотод одоогоор үерийн 168 орчим км урт далан бий. 2040
он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийслэлийн үерийн байгууламжийг 450 орчим км болгож өргөтгөхөөр
тусгасан. Энэ онд дөрвөн
байршилд үерийн хамгаалалтын далан барих юм.
Тодруулбал, 2022
оноос хойш он дамнан хэрэгжүүлж буй
Жаргалантын үерийн хамгаалалтын 1.8 км даланг ашиглалтад хүлээлгэн өгнө. Эх,
нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Архивын ерөнхий газрыг хамгаалсан үерийн
байгууламжийг өнгөрсөн онд барьж
дуусгасан. Жаргалантын ам руу
холбох 420 метр урт, авто замын хоёр гаргууртай үерийн хамгаалалтын даланг энэ
жил барьж дуусгана.
Мөн, Сүхбаатар
дүүргийн 32-ын тойргоос зүүн тийш Сэлбэ гол руу гарсан үерийн хамгаалалтын
шороон суваг нь инженерийн хийцлэлгүйгээс ус нэвтрэх боломжгүй
болсон тул шугамыг инженерийн хийцлэлтэй болгох юм. Баянгол дүүргийн Бөмбөгөр орчимд
үерийн улмаас босоо түшиц 40 метр
босоо хана нурсныг сэргээн
засаж, шинээр цутгахаас гадна Нисэхийн
үерийн сувгийг засаж шинэчилнэ.
Улаанбаатар хотод байнгын ашиглалтад байдаг үерийн далангийн төлөвлөгөөт далан сувгийн
цэвэрлэгээг 28 байршилд хийж, 48 мянган метр.куб лаг цэвэрлэхээр энэ оны төлөвлөгөөнд тусгажээ. Цаг агаарын
нөхцөл байдалтай уялдуулан гуравдугаар сарын сүүлч, дөрөвдүгээр сарын эхээр
ажлуудыг эхлүүлж, арваннэгдүгээр сард дуусгахыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.