Хоёр аймгийн дунд тулгамдсан асуудлуудыг хамтран шийдэхээр гэрээ байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган болон Орхон аймгийн Засаг дарга нар хил залгаа аймгуудын дунд үүсдэг асуудлуудыг шийдэхээр хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Энэхүү гэрээ нь тус аймгуудын Засаг дарга нарын бүрэн эрхийн хугацаанд буюу 4 жилийн хугацаанд хүчинтэй байх ажээ.
Тус гэрээнд бичигдсэн, Харилцан хамтран хийх зүйлээс товч дурьдвал: Булган аймгийн Булган сумын “Цагаан суварга”, “Диваажин сүм” тэдгээрийн орчныг тохижуулан, аялал жуулчлалын цогцолбор байгуулах ажлыг хамтран зохион байгуулах, Орхон аймгаас Хангал сумын Хялганат тосгон хүртэл хатуу хучилттай авто зам барих, Булган аймгийн “Жаргалант” зусланд хүүхдийн амрах байрны цогцолборыг зураг төслийн хүрээнд байгуулахад Орхон аймгаас хөрөнгийн дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахаар болжээ.
Мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын гэр хорооллын иргэдийн 2016-2020 оны өвлийн түлшний модны хэрэгцээг нэгдсэн зах цэгүүдээр дамжуулан, түлээний мод, шахмал түлш болон нүүрсээр хангах, зах цэгүүдийн үйл ажиллагааг сайжруулах, Хоёр аймгийн нутаг дэвсгэрт мал амьтны халдварт болон гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харилцан шуурхай мэдээлэл солилцон, хамтарсан арга хэмжээг авах, Орхон аймагтай хил залгаа сумдын улсын болон орон нутгийн чанартай замыг камержуулж, хяналтанд авах ажлыг зохион байгуулах, Булган, Орхон аймгийн иргэдэд зорчигч тээврийн үйлчилгээг дунд оврын автобусаар хүргэх гэх мэт асуудлыг тусгажээ.
Ийн тус гэрээнд Газрын харилцаа, барилга, хот байгуулалт, Байгаль орчин, Хөдөө аж ахуй, Гамшиг осол болон гал түймэртэй тэмцэх, Нийгмийн аюулгүй байдлыг хангах, Гэмт хэрэгтэй тэмцэх, Авто зам, нийтийн зорчигч тээвэр, Биеийн тамир спорт, соёл урлаг, Хил залгаа сумдын хамтын ажиллагаа, Стандартчлал хэмжил зүй, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэнд, Хүүхэд гэр бүлийн хөгжил, Боловсрол, Татварын хяналт гэсэн чиглэлээр 15 багц, 58 төрлийн зүйл дээр хамтран ажиллахаар боллоо.
Хоёр аймгаас харилцан тохиролцсоны үндсэн дээр аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг томилж, энэхүү гэрээг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан дүгнэж ажиллана.
Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсыг бүсчилэн хөгжүүлэх үзэл баримтлалыг үндэслэн гэрээг байгуулсан байна. Орхон аймгийн зүгээс ЗД Д.Батлут, ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансор зэрэг удирдах албаныхан ирлээ.
П.Батням