БАЯН-ӨЛГИЙ: “Таблеттай багш” санаачилгыг хэрэгжүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-03-20 08:38:56

Өлгий, 2025 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сан, Монгол Улсын Боловсролын яам, Боловсролын ерөнхий газрын хамтын ажиллагааны хүрээнд 2022 оноос "Таблеттай багш" санаачилга хэрэгжиж байгаа бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 19-нд Баян-Өлгий аймгийн багш нарт сургалтын ухаалаг багц хүлээлгэн өглөө.


Энэ санаачилгыг Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Гэр бүлд суурилсан бага насны хүүхдийн хөгжил, боловсролыг дэмжих" сургалт болон сургалтын ухаалаг багц хүлээлгэн өгсөн юм.


Тус үйл ажиллагааг аймгийн Засаг дарга Е.Зангар, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Адилбиш, Боловсролын газрын менежер Х.Нурханат, бүх сумын засаг дарга нар болон НҮБ-ын Хүүхдийн сан, Боловсролын ерөнхий газрын боловсролын мэргэжилтнүүд, сургагч багш нар оролцов.


“Таблеттай багш” санаачилга нь алслагдсан хөдөөгийн бага насны хүүхдийг гэр бүлд суурилсан сургуулийн өмнөх боловсролын чанартай үйлчилгээнд хамруулах, үйлчилгээний хувилбар болон арга зүйг хөгжүүлэхэд чиглэж байгаа ба аймгийн 12 сумын алслагдсан баг, хилийн анги салбарт амьдарч буй 1100 гаруй хүүхэд, гэр бүл энэхүү санаачилгад нэгдэж, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдахаар болжээ. Мөн алслагдсан баг, сум, хилийн анги, салбарт ажиллаж буй 35 багш сургалтын ухаалаг багцыг хүлээн авлаа. Энэхүү санаачилгыг "Монполимет" групп нийгмийн хариуцлагын хүрээнд ивээн тэтгэж оролцжээ.


“Таблеттай багш” санаачилгын ачаар хүүхэд бүр хаана, хэрхэн амьдарч байгаагаас үл хамааран боловсрол эзэмших, хөгжих боломжтой болно. Сургалтын ухаалаг багц нь мэдээлэл, харилцааны дэвшилтэт технологид суурилсан бөгөөд боловсролын салбарын цахим шилжилтийн нэг хэсэг болж, бага насны хүүхдийг эцэг эхийн хамтаар багшийн чиглүүлгээр гэртээ суралцах, хөгжих боломжийг бүрдүүлэх юм.

相关新闻