БАЯН-ӨЛГИЙ: Дэлхийн ислам шашинтнуудын ариун сар “Рамазан” өндөрлөж, “Ораза айт” баяр эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-03-31 17:06:41

Өлгий, 2025 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Дэлхийн ислам шашинтнуудын ариун сар Рамадан” өндөрлөж, “Ораза айт” баяр эхэллээ. Энэхүү баярыг исламын шашинтнууд гурав хоног тэмдэглэдэгРамазан нь хижра буюу ислам он тооллын ес дэх сар буюу хүн төрөлхтний гар дээр коран судрын анхны мөртүүд буусан сар юм.


“Рамазан” сар болон “Ораза айт” баярын ач холбогдлын талаар Монголын мусылман нийгэмлэгүүдийн холбооны гүйцэтгэх захирал, хажы Н.Саулетханаас тодруулахад, “Хүмүүс “Рамазан” сарыг дуустал үүрийн гэгээнээс эхлээд нар жаргатал балга ус ч уулгүй мацаг барьдаг. Энэхүү заншлыг “Ораза” хэмээн нэрлэдэг ба энэ нь исламын шашны таван тулгуурын нэг, исламын шашинтан хүн бүрийн ариун үүрэг юм.

Шариатын хуулиар мацаг барихгүй байхыг жирэмсэн эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд, аян замд яваа болон өвчтэй хүмүүст зөвшөөрдөг.


Мөн идэж уухаас гадна хараал хэлэх, зохисгүй зан авир гаргах, муу үйл хийх, мацаг барьсан хүмүүс дотно харьцаанд орох зэргийг хориглох бөгөөд залбирал, уншлагаар оюунаа ундаалах нь илүү үр ашигтайд тооцогддог. Түүнээс гадна хүн бүр дор бүрнээ сайн үйлс хийх, нар жаргасны дараа мацаг барьсан хүмүүс болон ядууст өргөл өгөх, тэдэнд зориулан ширээ засаж дайлах нь энэ сарын хамгийн гол заншил юм.


Монголын казахуудын хувьд ардчилсан шинэ Үндсэн хуулиар ард түмэнд шашин шүтэх, эс шүтэх эрх олгосноор буюу 1990-ээд оноос шашны зан үйлээ дахин сэргээж, Рамазаны зан үйлийг мөрдөж эхэлсэн түүхтэй.


“Ораза айт” баяр нь Рамазаны (Ораза) дараагийн сар “Шаууал”-ын 1-3-ны өдрүүдэд тэмдэглэдэг. “Айт” гэдэг нь баяр баясгалангаар дүүрэн өдрүүд гэсэн утгатай. Энэ үеэр мацаг барихыг хориглоно. Баярын өдрүүд “Айт намаз” буюу тусгай мөргөлөөр эхэлдэг. Дараа нь мусульманчууд цэвэр хувцсаа өмсөж, гэртээ идээ будаагаар дүүрэн баярын ширээ буюу дастархан дэлгэж зочин урьдаг. Бие биедээ баяр хүргэж, бэлэг өгч, амьжиргааны түвшин доогуур хүмүүс, өнчин хүүхдүүдэд тусламж үзүүлдэг уламжлалтай.


Манай холбооны хувьд шашин соёлыг түгээх үйл ажиллагаагаа эхнээсээ албан ёсоор хууль тогтоомжийн хүрээнд, төрийн зохих байгууллагаас авсан зөвшөөрлийн дагуу явуулаад 35 гаруй жил болж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 45 исламын сүм манай холбооны харьяанд ажиллаж байгаа” хэмээв.

相关新闻