Хятад улс Трампын татварын эсрэг арга хэмжээ авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-04-03 14:16:16

БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 3 /TASS/. АНУ-ын засаг захиргаа Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татвараа нэмснийг Хятадын тал хатуу зэмлэн буруушаагаад, эрх ашиг, хууль ёсны эрхээ хамгаалахын тулд хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп татварыг нэмэх шийдвэр гаргасны хариуд БНХАУ-ын Худалдааны яамнаас мэдэгдэл хийсэн байна. 


"Татвар нь бүх улс орны хууль ёсны эрх ашигт ноцтой хохирол учруулж байгаа бөгөөд "нэг талыг барьсан сүрдүүлгийн тод жишээ мөн" гэж уг мэдэгдэлд дурдсан байна. 


“Татварыг нэмэгдүүлэх нь АНУ-ын дотоод асуудлуудыг шийдэхгүй гэдгийг түүх харуулсан. Трампын протекционизмын бодлого нь Америкийн ашиг сонирхолд хохирол учруулаад зогсохгүй дэлхийн эдийн засгийн хөгжлийг гацааж, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээг тогтворгүй болгоно. Худалдааны дайнд ялагч гэж үгүй, харин протекционизм бол мухардалд хүргэх зам юм. Нэг талын татварын арга хэмжээгээ нэн даруй цуцалж, худалдааны түншүүдтэйгээ тэгш эрхийн үндсэн дээр хэлэлцээ хийж, санал зөрөлдөөнөө зохих ёсоор шийдвэрлэхийг АНУ-д уриалж байна" гэж Худалдааны яам мэдэгджээ.


Хилийн чанадаас нийлүүлж буй бүх бараанд ногдуулах татварын доод хэмжээг 10 хувиар тогтоох шийдвэр гаргаснаа Д.Трамп өчигдөр буюу лхагва гарагт мэдэгджээ. Тэрбээр улс орнуудад тус тусад нь тариф тогтоосон бөгөөд Хятадын бараанд 34 хувийн татвар ногдуулжээ.

相关新闻