ЗАВХАН: Цагдаагийн алба хаагчид жилийн турш ном уншина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-04-08 13:44:05

Улиастай, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Завханы Цагдаагийн газраас "Номтой нөхөрлөе" аяныг эхлүүлжээ.


Манай байгууллага алба хаагчдынхаа дунд соён гэгээрүүлэх ажлыг тогтмол зохион байгуулдаг. Үүний нэг нь номтой нөхөрлөх аян юм. Аяныг жилийн турш зохион байгуулна.


Цагдаагийн алба бол олон нийттэй харилцдаг, стресс ихтэй ажил. Стресс нь хүний биед өвчлөл үүсэх шалтгааны б0 хувь болдог бол ном унших нь стрессийг 68 хүртэлх хувиар бууруулах боломжтойг Их Британийн эрдэмтэд нотолсон байдаг.


Тиймээс номоор дамжуулан алба хаагчдынхаа чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, мэдлэг ойлголтыг нь нэмэх. Ном унших дадал суулгах, үгийн санг баяжуулах, стресс бухимдлыг нь тайлах. Ярианы ур чадварыг нь нэмэгдүүлэх, түүх, соёлоо танин мэдүүлэх, алба хаагчдын ур чадварыг нээн илрүүлэх зорилготой энэхүү аяныг эхлүүлж байна.


Аяны хүрээнд алба хаагч бүр өөрийн уншсан номынхоо талаар тэмдэглэл хөтөлж бусад алба хаагчдадаа тухайн номынхоо утгыг ярьж ойлгуулан дараагийн алба хаагчдаа дахин ном бэлэглэх замаар үргэлжилнэ.


Номтой нөхөрлөе аянд Завхан аймгийн 24 сумын цагдаагийн алба хаагчид оролцох юм. Ном уншсанаар зөвхөн тархи, оюундаа хөрөнгө оруулаад зогсохгүй эрүүл мэндэд ч эерэг нөлөө үзүүлдэг.


Ном унших нь стрессийг бууруулахаас гадна илүү урт удаан амьдралын нууц болохыг ч судлаачид баталсан байдаг. Ном уншлагын аяныг эхлүүлж, алба хаагчдынхаа дунд хөдөлгөөн өрнүүлснээр тэдний гэр бүл үр хүүхэд, найз нөхөд нь номтой нөхөрлөх эерэг хандлагыг бий болгох юм гэж Завхан аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.

 "Номтой нөхөрлөе" аяны хүрээнд алба хаагч бүр бие биедээ ном бэлэглэнэ

相关新闻