БАЯНХОНГОР: Салхи 22-24 м/с давж ширүүсч шороон шуурга шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Энэ сарын 12-ныг хүртэл Баянхонгор аймгийн нийт нутгаар салхи 14-16м/с, зарим үед 22-24м/с давж ширүүсч шороон шуурга шуурахыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Эдгээр өдрүүдэд иргэд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авах, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг тус газраас зөвлөв. Мөн шаардлагатай тохиолдолд замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх, иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Аймгийн УЦУОШГ-аас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 11-нээс нийт нуттаар эрс хүйтрэх бөгөөд 10, 11-нд үүлшиж, уулархаг нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи: 10, 12-нд говь, Алтайн салбар уупсын нутгаар, 11-нд ихэнх нутгаар баруун хойноос 12-14м/с, говийн нутгаар 14-16м/с, зарим үед 24м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна.
Энэ долоо хоногийг дуусталх хугацаанд агаарын температур Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -9 -14 градус хүйтэн, өдөртөө -1 -6 градус хүйтэн, хээр тал, Алтайн салбар уулсын нутгаар шөнөдөө -4 -9 градус хүйтэн, өдөртөө 0 +5 градус дулаан, говийн нуттаар шөнөдөө 0 -5 градус хүйтэн, өдөртөө +1 +6 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө +2 +7 градус, өдөртөө +6 +11 градус дулаан байна.