ЗАВХАН: Нийт нутгаар түймрийн эрсдэл аюултай түвшинд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-04-24 17:15:51

Улиастай, 2025 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн 24 сумын 13 нь хуурайшилтын зэрэг их, түймрийн эрсдэл их буюу аюултай, нэн аюултай түвшинд байна.  


Тиймээс иргэдийг болзошгүй ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн урьдчилан сэргийлэх мэдээллээр Ургамал, Их-Уул, Улиастай болон Баянтэс сумын ОХУ-тай хиллэдэг хойд хэсгээр түймрийн эрсдэл нэн их буюу нэн аюултай 4-р зэргийн түвшинд байна.


Тэс, Асгат, Нөмрөг, Тэлмэн, Яруу, Идэр, Цагаанхайрхан, Завханмандал, Дөрвөлжин сум түймрийн эрсдэл их буюу аюултай түвшинд байна.


Эдгээр бүс нутгуудад ойрын өдрүүдэд огцом дулаарч хуурайшилтын зэрэг өндөр байна. Сантмаргаз, Эрдэнэхайрхан, Цэцэн-Уул гэхчлэн нийт 11 сумын нутагт хуурайшилтын зэрэг дунд, түймрийн аюул дунд зэргийн түвшинд байна.


Ойрын өдрүүдэд аймгийн нийт нутгаар дулаарах тул болзошгүй шар усны үер болон ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Мөн аялал, амралт зугаалга болон зорчих үедээ иргэн бүр ялангуяа ой, хээрт явахдаа сонор сэрэмжтэй байж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.


相关新闻